Н.Дашдаваа: Түүх бол бидний хамгийн том гадаад бодлогын баримжаа..

КОНСЕРВАТИВ НАМЫН ДАРГА Н.ДАШДАВААТАЙ ЯРИЛЦЛАА. КОНСЕРВАТИВ НАМ, МОНГОЛЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН НАМТАЙ ХАМТРАН “САХИГТУН  ҮНДСЭН ХУУЛЬ 19”  ЭВСЛИЙГ БАЙГУУЛААД БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРСӨН БИЛЭЭ.

- Хүний бага насны төлөвшил насан туршийн хөтөч болдог гэдэг. Хоёулаа яриагаа төрж өссөн нутаг ус, бага насны гэгээн дурсамжаас тань эхлэх үү?

- Би 1980 онд малчин ард Намжил  гэдэг хүний отгон хүү болж төрсөн. Эцэг эхээс наймуулаа. Хүүхэд нас маань бусдын жишгээр Алтайн өндөр ууланд хурга ишигтэй хөөцөлдөж, тугал бяруутай ноцолдож өнгөрсөн. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан соёмбо бригадын нутагт төрсөн хүн шүү дээ, би... Хөдөө ямар цэцэрлэг байх биш. Сургуулийн өмнөх боловсролыг гэрийн хүмүүжлээр авсан. Угаас ээж, аавын сургааль захиасаар л хүн болдог ш дээ, монголчууд. Хүмүүсийн ярьдагчилан хөрвийн аргаар хүн болсон гэдэг шиг “тууж” яваад сургуульд орсон. Тэр үед сургуульд найман настай авдаг байсан ч зөрүүдэлсээр байгаад долоон настайдаа сурагч болсон. Айлын бага болохоор жаахан дураараа байсан юм болов уу даа. За тэгээд хөдөөнийхөн чинь хотын хүүхдүүд шиг цэцэг бариад аав, ээжээрээ хөтлүүлээд сургуульд очихгүй ш дээ.

Зун нь айлууд төвөөсөө хол зусна. Намар нь сургуулийнхан хөдөөгүүр трактортой л явж сургуулийн хүүхдүүдийг цуглуулна. Тракторын ачаан дээр нэг цүнх, хоёр цэнхэр ууттай л гарч суусан. Нэгэнд нь хувцас, нөгөөд нь гутлаа хийчихсэн гэж байгаа. Тэгж л бригадынхаа гурван жилийн буюу бага сургуулийн дотуур байранд долоон настай сурагч болж ирсэн. Харин “а” үсгээ Рагчаа гээд маш мундаг багшаар заалгасан даа. Тэндээ бага сургуулиа дүүргээд Тонхил сумын дунд  сургуульд суралцаж байтал манайх хот руу нүүсэн юм. 1992 он... Зах зээл эхлээд удаагүй үе л дээ. Аав, ээж хоёр маань хүүхдүүдээ боловсролтой болгоё гээд малаа бас туувар туугаад хот руу гарсан. Бид ч хамт есөн сарын нэгэн хүртэл хамт мал тууж яваад Архангай аймаг хүрээд хот руу нийтийн тээврийн унаагаар ирцгээсэн. Хичээл эхлэх болчихсон болохоор тэр. Харин аав, ээж маань араас малаа тууж Төв аймгийн Архустын сангийн аж ахуй гэж байсан даа, тэнд суурьшсан. Хустайн нуруу гэсэн үг л дээ. Харин би хотын сурагч болсон. Том эгчийнх маань Хайлаастад байсан учраас би тэднийд сууж, 72 дугаар дунд сургуульд ороод тэндээ 10 жилээ төгссөн  дөө.

Сахигтун Дашдаваа-н зураг.

- Туувар тууж ирэхээсээ өмнө хотод ирж байв уу. Хүмүүсийн хотод анх ирсэн сэтгэгдэл их сонин, хөөрхөн байдаг юм билээ?

- Ирж байгаагүй ээ. 1992 онд л анх ирж байгаа нь тэр. Тэр үед хотын гудамж маш цэвэрхэн, машин ч цөөн. Хаа нэг лада, мосвквич, тас хар 24 явна. Хачин гоё санагдаад сууж үзсэн гэж хорхойсдог байлаа. Бас гудамж талбайн зүлэгжүүлэлт янзын байсан шүү... Хотын хөдөлгөөнийг одоогийнхтой харьцуулах аргагүй ч автобусанд суугаад ийш тийшээ явахаар л толгой эргээд төөрчих гээд байдагсан. Автобусанд суугаад хоёр буудал яваад үсээ засуулаад ир гэхээр төөрнө гэж айгаад явахгүй. Ямартай л хүргэн ахдаа хөтлүүлээд найзындаа хүргүүлдэг байх вэ дээ. Гэхдээ л хот миний хувьд цоо шинэ соёлт, дэг журамт ертөнц шиг санагдаж байсан юмдаг. Жинхэнэ утгаараа Азийн цагаан дагина...

- Шилжилтийн насандаа хотод ирж. Хотын хүүхэд, “хулигаан”-уудад дээрэлхүүлж байв уу. Эргээд бодох нь шилжилтийн хүндрэл хөвгүүдэд илүү тусдаг байсан юм шиг санагддаг...

- Зургаа төгсөөд долдугаар ангид орох жилээ хотод ирж, 72 дугаар сургуульд орсон. Сургууль маань ангиа онц, дундын анги гээд ангилчихсан байж билээ. Хөдөөнөөс ирсэн хүү яах вэ дээ, хувийн хэрэг чинь ирээгүй учраас дундын ангид оруулна л гэсэн.  Уг нь би чинь нутагтаа байхдаа онц сурдаг сүрхий амьтан байсан юм. Дундын гэх тодотголтой ангидаа долоо, наймдугаар ангидаа сураад найм төгсөхдөө онцын ангийнхнаа даваад нэгд жагссан. Тэр үед дүнгээр нь жагсаадаг байсан юм. Найз маань ирээд чи нэгд жагчихсаж гэхээр нь онцын ангийнхныг давсан гэж бодоогүй, ангилаа байх л гэж бодоод итгэж өгөхгүй байж билээ. Онцын ангийнхны урд гарчихсан хүн нь анги солигдож онцын анги буюу математикийн гүнзгийд орсон. Багш маань Сосорбарам гэж хүн байсан. Үнэхээр мундаг багш. Математикийн ангид орсных гэсэн шиг мөн тооны чиглэлийн олон олимпиадад орлоо. 1997 онд 10-аа төгссөн.

Өөрийн чинь хэлдэг үнэн хөдөөнөөс ирсэн хүүд хотын хүүхдүүд их дээрэлхүү... Чингэлтэй, Хайлаастаараа хуваагдаад чулуугаар байлдана. Бас сургуулийн атаман гээд хэсэг таахалзсан нөхөд байх. Гэхдээ би ёстой зодуулж үзээгүй. Магадгүй сурлага сайтай, хөдөөний даруухан хүү анзаарагдаагүй байх. Мэдээж хаа нэг гар зөрүүлэх, хамар амнаас цус гарах юм байх. Хөвгүүд л юм чинь. Тэглээ гээд одооных шиг шүүх цагдаа болоод гонгиноод байхгүй ш дээ.

- Зах зээл эхэлж, дэлгүүрийн лангуу эзгүйрч давс, гоймон л байдаг үед хотод ирсэн юм чинь картын бараанд дугаарлаж байсан байх, тийм үү?

- Биеэрээ туулсан ш дээ. Алтансоёмбын бага сургуульд байхад аав гурван төгрөг өгөхөөр чихэр, элэгний нухаш гээд зөндөө л юм авч тансагладаг байсан чинь энд ирээд шал өөр. Зах зээл эхэлчихсэн, жинхэнэ бужигнаж байсан үе дээ. Хайлаастаас Дэнжийн 1000-ын зах ойрхон. Хүргэн маань ганзагын наймаа хийдэг. Хятадын шахдаг гутлын тос авчирч зардаг. Би аав, ээжээс мөнгө аваад хүргэн ахдаа гутлын тос захиж авчруулав аа. Дэнжийн 1000-ын захын хаалгаар орохоор хоёр талаар нь хүмүүс эгнэж зогсоод гар дээрээс наймаа хийнэ. Би өнөөх захиж авчруулсан тосоо бариад дунд нь тууж л явсан. Бараагаа зарах гэж хүмүүс өнөөхөө сурталчилж сайн хашгирна. Анхандаа ичээд дуу гарахгүй. Сүүлдээ ч “гутлын тос аваарай” гээд л хашгичдаг болж байгаа юм. Анхны орлого маань тун дажгүй. Урамшаад нэг хэсэг гутлын тосны наймаа хийсэн. Сүүлдээ гэртээ хуушуур хийж зах дээр зарах ажилд нь туслалцдаг болсон. Угаасаа тэр үед би ч гэлтгүй бараг хүн болгон л наймаа хийх оролдлогуудыг хийсэн байх шүү. Долоо, наймдугаар ангийн хүүхдэд тос зарж орлого олох чинь жинхэнэ “кайф”. Тэгэд ч тэр үед бага ашиг гэж байхгүй. “Нуга, нуга” хийнэ ш дээ...

- Урамшиж эхлүүлсэн наймааны орлогоороо юу хийсэн бэ?

- Нэг их цуглуулж гавиагүй ээ. Ямартай ч орой гэртээ ирж орлогоо тоолох л “жаргал” байлаа. Хөөрхөн хэдэн төгрөгтэй болчихоод Тонхил сумын ангийнхандаа хүүхдийн тоогоор модтой чихэр, модон шугам авч өгч явуулсан. Одоогийнх шиг утас байх биш, захидал харилцаатай. Миний явуулсан захиаг ангиараа, хүмүүжлийн хичээл дээр уншдаг байсан гэж манайхан дурсдаг. Одоо бодох нь ээ олсон мөнгөө өөртөө ашиглачихаагүй найзууддаа өгчихөж... Ангийнхан маань ч, би  ч их захиа бичдэгсэн.

- Хөдөөнөөс хот, хотод ирээд дундаас онцын анги руу “нүүдэллэсэн” хүү ямар мэргэжил сонгов?

- Намайг төгсдөг жил улс шалгалтын систем өөрчлөгдөж, тест рүү шилжиж байсан. Математик гэхэд л цогц бодлогоо бодоод хажуугаар нь сонголттой тест бөглөж байж билээ. Тэр жил манай сургуулийг хоёр хүүхэд онц төгссөн. Нигүүннаран гээд ангийн маань охин одоо Германд байгаа. Нөгөөх нь би. Улсын шалгалтын бодлого  1000-н бодлогын номноос ирдэг. Найз Чингистэйгээ бүгдийг нь бодоод дуусгачихсан учраас өөртөө итгэлтэй ч гэж жигтэйхэн. Тэгсэн улсын комисс бодлогынхоо өгөгдлийг шивэхдээ алдаатай шивчихсэн учраас хариу нь гардаггүй ээ. Тэгээд буруугаар нь бодож нэг гаргаад, өгөгдлийг буруу бичсэн байна гээд засаж бичээд бодчихсон. Чингис ч бас тэгж бодсон байсан. Тэгсэн бид 2-ыг сургуулийн захиргаа дуудаад, буруу шивчихсэн байж. Гэхдээ энэ талаар ярьж болохгүй гэх үүрэг өгч билээ. Уг нь онц төгсөх гээд байдаг. Гэтэл нийгэм дээр явцын дүнгээрээ сайн гарчих гээд... Математикаар өгчихсөн мөртлөө сайн гарахгүй гэсэндээ нийгмийг сонгож, шалгалт өгч билээ. Хайлаастын арын уулан дээр мөн ч их хичээл давтсан даа.

Миний дээд үеийнхэн олон сургуульд шалгалт өгч, тэнцсэн хуваариа зардаг жишгийг халах гээд намайг төгсдөг жил бүх сургуулиуд улсын шалгалтыг нэг өдөр авдаг болчихсон. Би МУИС-ийн эдийн засгийн ангид шалгалт өгч уначихаад маргааш нь Монгол бизнесийн дээдэд шалгалт өгөөд тэнцсэн. 600 хүүхдээс 14-т жагсаж, 60 гаруй хүүхэд орсон.

Манай Хустайн нуруунд... Сургуулиа төгсөж, дээд сургуулийн томилолтоо аваад замын машинд дайгдаж зам дээр буугаад алхаад л гэртээ очсон. Нээрээ би чинь долоодугаар ангид байхдаа л буудаж сурсан хүн. Тэр үед тарваганы арьс үнэтэй...  Зундаа над шиг завгүй хүн байхгүй. Уул дамжаад л тарвага буудаад явчихдаг. Арьсаа цуглуулж байгаад зараад хичээлийнхээ хэрэгсэл, цаашлаад сургалтын төлбөрөө бэлдчихнэ. Нэг их хорио цээр байгаагүй юм байлгүй. Эхэндээ арьсыг нь зарж хөрөнгөждөг байсан бол арьсны үнэ буух үест боодог руу орсон. Боогоод замын гуанзанд аваачаад зарчихна. 2500 төгрөгөөр... Мотоциклио унаад л уул хадаар хэсээд явчихна. Төв аймгийн Аргалант сум, Оорцогийн хөндийнхөн намайг “тарвагачин Дашдаваа” гээд нэрлэчихсэн байж билээ.

БООЛ БАЙХ УУ, БОСС БАЙХ УУ...

- Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

- Би чинь сурахаараа онц сурна. Зун амрахаараа мөнгө төгрөг олох гээд тарвагачлаад алга болчихно. Намайг их сургууль төгсөх үед сургуульд урилга ирж, “Ханбүргэдэй”-д ажиллахаар болсон. Төгсөх курст байхдаа л ажиллаж эхэлсэн. Ажлын ярилцлагад орохдоо, ангийнхаа хүүхдийн гар утсыг бариад явж байгаа юм.  Манай ангийн утастай ганц нь тэр. Би утсыг бариастай, өнөөх маань гэр лүүгээ гүйгээстэй. Гэрийнхээ суурин утаснаас намайг ярилцлага өгч байхад залгах гэж тэр... Бас нэг найз маань машинтай. Найзуудаараа хүргүүлээд өнөөдүүл маань гадаа нь хүлээгээд л... 2001 оны хоёрдугаар сарын орчим... Орлоо, тэнцлээ. Маргаашнаас ажиллаж чадах уу л гэж байна. Хичээл бага ч,  бас хамгаалалт энэ тэр байгаа л гэлээ. Тэгсэн чи зохицуул, хичээлтэй үедээ чөлөө аваад явчихна биз. Маргаашнаас ажлаа хий гэсэн. Тэр үед “Ханбүргэдэй”, “Андууд” хоёр чинь Монголдоо л брэнд дэлгүүр байлаа. Ресторан энэ тэртэй. Эхний хагас жил борлуулалтын менежер хийсэн. Германаас бараа ирчихсэн. Өглөө машинд суугаад л гардаг. Хот хэдхээн бөөний төвтэй. Бөөний төвийн ах, эгч нартай сайхан бартерын солилцоо хийнэ. Бэлэн мөнгө ховор. Тэгээд л өөрийнхөө дэлгүүрт байхгүй бараагаар солилцоно доо. Зургаан сарын дараа захирал намайг дуудаад боодол бичгийн цаас, боодол бал өгөөд нэг их том хурлын ширээн дээр суулгаад, за одоо маркетингийн албаа хэрхэн яаж байгуулах, компаниудын бизнес планыг төлөвлө гэсэн. Яг 14 хоног суусан. Өөр ажил хийгээгүй. Албаа байгуулаад маркетинг, борлуулалт, гадаад харилцаагаа зохицуулдаг боллоо. Миний удирдлага нь доор 150 гаруй хүн байх. Би өөрөө 21 настай байж дээ. Гэхдээ зүгээргүй ээ, Мэтгэлцээний үндэсний лигийн аварга, Эврика эрдэм шинжилгээний байнгын оролцогч, эрдэм шинжилгээний их бага хуралд оролцдог оюутан байсных сургуулиа төгсөөгүй байхдаа л оройн ангид макро эдийн засгийн хичээл ордог байсан гэж байгаа.

- “Ханбүргэдэй”-д хэдэн жил ажилласан юм бэ?

- 2005 он хүртэл гэхээр дөрвөн жил юм байна. Ажлын ачаалал ихтэй, өглөө долоо гэж ажилдаа очоод, орой 22-23 цаг хүртэл сууна. Залуу ч байж. Завгүй дарамттай юм шиг санагдаад болох биш. Үнэндээ баклаврын дөрвөн жил, “Ханбүргэдэй”-н тэр их ачаалал өнөөдрийн намайг бий болгосон. Хувь хүний хөгжлийн хувьд асар том хөрөнгө оруулалт болсон. Хэдийгээр эмх замбараагүй ажлын функцтэй юм шиг санагддаг байсан ч эргээд бодох нь ээ, асар олон чиглэлийн чадварт суралцсан байсан. Үеийнхнээсээ ялгарах, илүү байх, хөрвөх чадварын хувьд асар том хөрөнгө оруулалт болсон юм билээ.

Манай захирлууд өвөлдөө гадагшаа явчихна. Хавар ирэнгүүтээ гадаадын байгууллагуудын маркетингийн бичлэг, меню, боршур авчирна. Ирэхээр нь би 14 хоног сууна. Хэрхэн өөрийн компанид нэвтрүүлэх вэ, нутагшуулах вэ гээд үзнэ ш дээ. “Ханбүргэдэй” Монголын олон юмны анхдагч л даа. Амралтгүй ажиллаж амьдарсных бизнес маань өргөжиж олон хамтрагчтай болж, сайн үр дүн гарч байсан.

- Яагаад “Ханбүргэдэй”-гээс гарахаар шийдсэн юм бэ. Өөр ажлын санал ирсэн юм уу?

- Яг тэр үед “Баян аав ядуу аав” гэдэг ном гарсан. Босс байх уу, боол байх уу гэж их ярьдаг болчихсон. Найзууд маань чи хүний боол хийгээд байна, босс бол чи чадна гэж ятгаад бас уншсан ном нөлөөлөөд сэтгэл эргэчихсэн. Амралтаараа Хустайн нуруунд ахындаа оччихсон Туулын эрэг дээр айраг уугаад хэвтэж байсан чинь ер нь л өөрийн гэсэн юм хиймээр санагдаад... Би юу хийж чадах юм бэ гээд санаануудаа цаасан дээр буулгатал консалтингийн чиглэл санаанд багтаад болох биш. Бизнесийн зөвлөгөө өгөөд байхаар модель гараад ирлээ. Тэгээд хотод ирээд байж байтал нэг найз маань тааралдаад найз нь нэг компани байгуулсан бизнес планаа бичмээр байна, туслаач гэхээр нь тэгье харин чи надад “Прадайз консалтинг” гээд консалтингийн компани байгуулаад өг гэлээ. Өнөөх маань бичиг баримт тамга тэмдэг аваад ирсэн. Компани маань дажгүй амжилттай яваа. Харин сүүлийн үед идэвх буураад л байна. Маркетингийн холбооны гэрээт лектороос гадна урилгаар лекц уншина. Хүмүүсийг хувь хүний хөгжил, бизнес план, маркетинг чиглэлээр олон компанитай хамтарч ажилласан.

- Компанийхаа нэрийг хэрхэн сонгов?

  • Прадайз, диваажин... Бодвол амжилт гэдэг утгыг л бодсон байх.
  • Сахигтун Дашдаваа-н зураг.

- Амжилттай яваа компаниа орхиод улс төрд орох болсон шалтгаан юу байв. Би залуусыг амар хялбараар амьдрах арга гэж хараад нам руу хуйлраад байна уу гэж хардаад байдаг ш дээ. Эс бол итгэл үнэмшил, үзэл санаа... Гэхдээ эхнийх нь давамгайлаад байх шиг санагдаад байдаг?

- Бусад шиг ашиг сонирхол харж ороогүй ээ. Харин бүр санаандгүй юм болсон. Нэг өдөр хамаатны ах маань утасдаад, 140 мянган  төгрөгтэй Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам дээр хүрээд ир гэсэн. Очсон чинь намын ротаци явагдаж байдаг юм. Би өөрийгөө танилцууллаа. Хуралдаж байтал Удирдах зөвлөлийн гишүүн нь болчихдог юм байна. Ахын авчир гэсэн 140 мянга чинь татвар байсан юм билээ. Ийм л юм болсон. Гэхдээ би улс төрд орсон гэхээсээ илүүтэй нам руу л ороод ирсэн. Намын хорооны гишүүн боллоо, Удирдах зөвлөлд нь сонгогдлоо. Сүүлд хүмүүс, ярих чадвар сайтай сүрхий залуу орж ирлээ гэж харж байсан л гэдэг юм. Ороод удаа ч үгүй байтал Л.Эрхэмбаяр дарга дуудаад, нам залуучуудгүй байна. Залуучуудын холбоо байгуулах хэрэгтэй, тамга тэмдэг нь бэлэн. Чи залуучуудаа цуглуулж чадах уу л гэсэн. Нэгэнт орчихсон хүн чинь 100 залуу цуглуулаад хурлаа хийгээд бөөгнүүлж авлаа. Би нэг юм эхлэхээрээ хамаг анхаарлаа хандуулдаг “гэмтэй” хүн. 2006-2007 оны үе л дээ. Дүүрэгт Н.Алтанхуяг, Л.Эрхэмбаяр нар нөлөө бүхий удирдлага нь байлаа. За тэгээд Гантулга бид нар АН-ыг амлах өдрүүд гээд цуврал лекц уншиж, аян зохиож явсаар 2008 оны сонгууль болсон. 2008 оны сонгууль чинь 2020 оных шиг том мажоритор байсан юм. Дүүрэгт дөрвөн хүн нэр дэвшихээр болоод манай нам хоёр хүн гаргасан. Н.Алтанхуяг, Кёкүшюзан Д.Батбаяр хоёр...

Миний хувьд АН-ыг ажил албанд орох боломж гэж харж байгаагүй ээ. Улс төр, улс орны хөгжил ямар нөлөөтэйг ойлгож таньж мэдэх аяны маань бас нэг гараа л байсан. Мэдээж, Сонгинохайрхан дүүргийн АН, Сонгинохайрхан дүүргийн залуучуудын холбоо, Нийслэлийн ардчилсан залуучуудын холбоо гээд карерь бол өссөн. Нийслэлийн АЗХ-ны есөн дүүрэг хариуцсан мэргэжилтэн хүртлээ. Үнэн, АН бол миний улс төрийн анхны талбар. Тэр үеэс л улс төр гэж юу болох, улс төрчид гэж хэн болохыг өөрийнхөө хувьд маш сайн ойлгосон. Хожим Л.Эрхэмбаяр дарга, Н.Алтанхуяг дарга хоёрын хооронд нэг яриа болж... Энэ Н.Дашдаваа юу хүсээд байдаг хүн бэ, тус дэм болчих юу байна гэж ярьсан юм шиг байгаа юм. Л.Эрхэмээ дарга надаас асуухаар нь, надад ийм тийм хүсэлт алгаа, би ажиллая гэж л ажилласан. Хэрвээ гадаадад сургуульд явах боломж олдвол татгалзахгүй гэсэн. Тэгээд яваагүй л дээ... Эргээд бодох нь улс төрд суралцаж л явж дээ.

- Монгол консерватив намаа хэзээ байгуулав?

- 2012 оны зургаадугаар сарын 20-нд.  2012 онд АН сонгуульд түүхэн гэж хэлж болохуйц ялалт байгуулсан. Сонгууль ид өрнөж байсан. Сонгуулийн дүн 28-нд гарна гэж байхад л намаа байгуулсан. Ер нь хүн өөрийнхөө итгэл үнэмшлээр л явах ёстой. Нам байгуулах хэрэгтэй юм байна. Консерватив үзэл Монголын хөгжлийн суурь юм байна гэх бодол, итгэл үнэмшилтэй байсан. Ер нь түүхэн агуу улсуудын консерватив маш хүчтэй байдаг. Хамгийн хүчирхэг нь Английн консерватив нам ш дээ. Манайхан анх энэ үгийг орчуулахдаа уламжлалт гээд явцуу орчуулчихсан юм. Угтаа консервативийн үндсэн концесс нь өнгөрсөн түүхийн аль ч үед сайн муу гэж юм бий. Сайныг нь аваад цаашаа яв. Муугаа битгий чирээд бай, орхичих. Тэгээд шинэчлээд яв л гэсэн агуулгатай юм байгаа юм. Тэр нь шиг Ардчиллын 30-н жил, социализмын үе, манжийн дарлалын үе, бага хаадын үед ч сайн юм бий. Хамгийн сайн биелсэн нь дэлхийн ноёрхол. Бид түүхээ судалж, өвгөд өмнөх үеийнхнийхээ алдаа оноог шүүн тунгааж, хамгийн сайныг нь л авч явъя гээд байгаа юм. Тэгж байж л улс орны хөгжил урагшилна гэдгийг уншаад судлаад ойлгочихсон явсан үе л дээ. Тиймдээ ч консерватив үзэл дээр тулгуурласан хөгжлийн загвар биднийг аврах юм байна гэж харсан. Энд чинь монгол хүний оюуны дархлаанаас эхлээд олон юм багтана. Консерватив үзэл чинь монгол хэл, хүн бол номер нэг. Тэд монгол нутаг дээр нэгдүгээрт байх ёстой гэсэн л үг гээд ойлгочиход болно. Жаахан үндэсний үзэл тал руугаа... 2012 оны тавдугаар сард “Монгол ба улс төрийн онол” гээд Монголыг яаж хөгжүүлэх вэ гэсэн консерватив  үзэлтэй ном гаргасан. Номоо нам болгомоор санагдсан. Бичээд орхих биш үйл хэрэг болгох ёстой. Тэгээд л намаа байгуулсан. Сонгууль дөхөхөөр гэнэт нам байгуулчихдаг бусадтай адилгүй шүү. 2009 оноос хойш судалж эхэлсэн зүйл маань... Тодорхой үзэл баримтлал, итгэл үнэмшлийн суурьтайгаар намаа байгуулсан. Байгуулахдаа 2006 оноос хойш долоон жил зүтгэсэн Ардчилсан нам нь ялалт байгуулж байхад зөрөөд нам байгуулаад гарсан нь миний итгэл үнэмшлийн нотолгоо болох байх, тийм үү?  Хэрвээ нам байгуулж гараагүй бол нэг хурган дарга болох л байсан байх. Хүсээгүй. Тэр бол миний замнал биш. Тэр үед би Нийслэлийн АН дээр есөн дүүрэг хариуцсан улс төрийн ажилтан байсан юм. Дажгүй алба л даа.

- Нам байгуулаад гарахад хамт ажиллаж байсан залуус хэрхэн хүлээж авсан бэ. Жаахан гайхсан байх даа?

- Надад шууд хэлээгүй ч “энэ Н.Давдаваа ертөнцийн хамгийн тэнэг хүн” гэж ярьж байсан. Цөөхөн хэдэн хүн, хүн муулах яах вэ, та нар өөрсдөө нам байгуулж чадах юм уу, чадахгүй бол битгий тэр хүнийг гоочил хэлж байсан... Сайн юм ч, муу юм ч сонсогдож л байсан. Тэр үед үнэндээ ганцаардал руу л яваад орчихож байгаа юм. Нөгөөтэйгүүр олон хүний чанарыг таних, нэг ёсондоо урвалт хэлхээ холбоо тасрах юм руу орчихсон. Нам яах вэ, нөхөрлөл чухал гэсэн найзууд тунаж үлдсэн. Нам байгуулаад гарсан учраас энэ миний дайсан боллоо гэж сэтгэдэг хүмүүс бүгд баяртай болсон доо.

Нам байгуулах хүсэлтээ өгчихөөд 14 хоногийн дотор материалаа өгөх ёстой байдаг юм. Зургаадугаар сарын 20-нд их хурлаа хийчихээд долдугаар сарын 2-нд материалаа өгч байгаа юм. Сонгуулийн дүн гараад АН ялах нь тодорхой болчихсон үе. Намын гишүүнчлэлээс татгалзчихсан мөртлөө ажлаа өгөөгүй л байгаа юм. Тэгээд ч сонгууль гээд АН-ынхан завгүй, би ч ажлын хажуугаар намаа байгуулах гэж гүйгээд завгүй. Долдугаар сарын 2-нд Дээд шүүх дээр материалаа өгчихөөд гарч ирсэн чинь Нийслэлийн АН-ын Гантөмөр над руу яриад хүрээд ир гэж байна. Очсон чинь нийслэлийн хурал болох гээд хүмүүс санаа оноогоо солилцож байна, чи санаа оноогоо цаасан дээр бичээд өгөх үү гэлээ.

- Нам байгуулсныг чинь мэдээгүй байсан хэрэг үү...

- Мэдэлгүй дээ. Би ч өргөдөл бичээд өгчихлөө. Тэгсэн намайг өрөөндөө дуудаад ортол, чи нам байгуулсан юм уу гэж байна. Тийм л гэсэн чинь асууж болоогүй юм уу гэж билээ. Яг маргааш нь би хэвлэлийн бага хурал зарлаж, нам байгуулагдсаныг зарлаж байгаа юм. Сонгуульд орохын тулд биш сонгууль дуусахаар намаа байгуулсан болохоор гажиг гар гэж хардаг хэсэг байсаан байсан...

- Монгол консерватив нэрийн тухайд...

- Үндэсний үзэл тал руугаа учраас “Монгол консертив” гэсэн. Угаасаа монгол хүн, Монголын хүн гэдэг чинь хоёр өөр ойлголт. Монгол Улсын иргэн болчихсон гадаад хүнийг Монголын хүн гэнэ. Монгол хүн гэвэл огт өөр... Цус, хэл удам угшил яригдаад явчихна. Тиймээс л намаа “Монгол консерватив” гэж нэрлэсэн юм.

- Сахигтун Үндсэн хуулийн 19 эвслийн талаар, товч мэдээлэл өгөөч?

- Монголын Хүний төлөө намтай хамтран эвслээ байгуулсан. “Сахигтун”  гэдэг нэрийн тухайд Үндсэн хуулийн “Мэдэгтүн”, “Сахигтун” гээд ойлгочих. Үндсэн хууль бол нийтийн гэрээ. Гэрээний нэг тал нь ард түмэнд хамааралтай. “Мэдэгтүн” гэдэг нь нийтэд зориулсан гэсэн үг. “Сахигтун” гэдэг нь төрд хамааралтай, төр Үндсэн хуулийг сахих ёстой гэсэн логик шүү дээ. Үндсэн хуулиа сахих төртэй байх гэдэг агуулгаар нэрлэсэн. Үгүй бол Үндсэн хуулиа зөрчөөд л тууж явдаг болсон талаар ярих юм мундахгүй их. Эцэг хуулиа зөрчөөд байгаа юм чинь бусад нь яаж байгаа нь ойлгомжтой. Энэ тохиолдолд ямар шударга ёс байх вэ дээ...

- Тэгвэл “19” гэдэг тоо ямар учиртай юм бэ?

- Үндсэн хуулийн “19 дүгээр зүйл” бол Монголын төр иргэнийхээ өмнө хүлээх үүргийг заасан зүйл. “Нэгд, Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. Хоёрт, Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчилэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө. Гуравт нь, Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.” гээд тов тодорхой заачихсан.

Бодоод үз, Монгол Улсын иргэн татвараа төлж, төрийнхөө өмнө үүрэг хүлээгээд байдаг. Төр нь эргээд иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Манай Эвслийн гол зорилго нь үүргээ биелүүлдэг төртэй байх явдал.

- Энэ жил УИХ-д суудалгүй намууд нэлээн эвсэж байх шиг байна. Энэ сайн үзэгдэл үү, муу үзэгдэл үү?

- Сонгуультай холбоотойгоор намууд эвсэж нэгдлээ гэж харах нь өрөөсгөл дүгнэлт. Парламентад суудалтай намууд өнгөрсөн намар Санамж бичигт зурахад л шийдэгдсэн асуудал гэж ойлгож байгаа. Одоогоор дөрвөн эвсэл, 15 нам, цөөнгүй бие даагч сонгуульд оролцохоор болж байх шиг байна. Гэхдээ эвлэлдэн нэгдэх муу зүйл биш. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг. Я.Бат-Ялалт бид хоёрын хувьд бохир хүн, бохир улс төрчидтэй нэгдэх хүсэл байгаагүй. Мань хүний эрх, шударга ёсны дуу хоолой болдог чанар, миний эдийн засаг, төсөв мөнгө, өр шир, төсвөөс хулгай хийдэг ЖДҮ гэх мэтийг үзэн яддаг үзэл биднийг нэгдэх гол хөшүүрэг болсон. Бохир улс төрчид бохир мөнгө босгож бохироор сонгогчдын саналыг худалдаж авдаг. Төрийн эрх рүү тэмүүлдэг байдлын үр дүн нь өнөөгийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн салбарын системийн гажуудалд хүргэчихээд байгаа юм.  Нам нь нэр дэвшигчдээсээ хэдэн зуун сая төгрөг авдаг, тэр ч  бүү хэл зарим нэг том намууд жижиг намуудыг мөнгө төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм байна. Үзэл санаа өөртэй нам нөгөөгөө санхүүжүүлэхээр бантан л болно биз дээ. Бантан биш юм аа, холимог хуурга... Бид ийм юмтай санал нийлэхгүй. Тиймээс л эвсэл байгуулж, Монголд цэвэр улс төрийг бий болгож, болох боломжтойн үлгэр жишээ болохыг монгол хүн, залуу хүмүүсийн хувьд хүссэн. Их бохир руу бусдын адил орж живчихгүй юмсан гэсэн итгэл үнэмшлийн огтолцол байсан учраас хамтраад эвсэл болоод явж байна. Ахиад хэлье.  Бидний цөөхөн монголчууд хэдий болтол нам, жалга дов, аймаг сумаараа хуваагдаж хэрэлдэх юм бэ. АН-ын монгол, Дорнодын Матадын монгол,  МАН-ын монгол гэж байхгүй. Бид “МОНГОЛ” гэсэн нэг л овогтой. Тэр ч утгаараа манай эвсэлд чин сэтгэлийн цугларал болж байгаа юм. Залуус хамтдаа намчирхалгүй “МЭДЭГТҮН!”, “САХИГТУН!” гэх уриан дор нэгдэж чадаж байна.

МОНГОЛЫН БАНК САНХҮҮГИЙН  САЛБАР ЭРҮҮЛ БУС ШҮҮ ДЭЭ...

- Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засаг эвгүйтээд эхэлчихлээ. Гэтэл манайхан төсөвтөө ч тодотгол хийхгүй, шаардлагагүй гээд л сууж байна. Энэ талаар эдийн засагчийн хувьд Таны байр суурийг сонирхвол...

  • Манай улсын эдийн засгийг макро түвшнээс ярих шаардлагатай л даа. Үнэндээ сүүлийн 30-н жилийн өмнө манай улсын эдийн засгийн суурь буруу өрөгдсөн. Тэр чигээрээ далийгаад явчихлаа. Бид бүх юмаа чөлөөт зах зээлийн эдийн засаг руу тавиад туучихсан. Макро буюу том түвшний улсын эдийн засгийн бодлого ерөнхийдөө нийгмийн баримжаатай байх ёстой. Нийгмийн баримжаатай эдийн засгийн бодлого барин гээд байна л даа. Төрийнхөө түвшинд хүртэл чөлөөт зах зээлийн зарчмыг баримталсан учраас хамгийн наад зах нь бензиний үнийг барьж болохгүй, чөлөөтэй байх ёстой ч гэдэг юм уу асуудал үүсдэг. Бодлогын алдаанууд асар их гарч байна. Нөгөөтэйгүүр худалч хүнд, Монгол Улсын төсөв маш олон жилийн турш уламжлалт бараг л социализмын үеийн төсвийн бүтцээр төсвөө бүрдүүлээд төсөвлөөд зарцуулаад явдаг болчихсон. Тэр ч утгаараа эдийн засаг, төсвийн реформ хийх зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар, дээр нь авлигачдын Монгол Улсад учруулсан 12 их наяд төгрөгийн хохирол, Монгол Улсын гадаад өр үндэсний нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүрсэн байна гээд тоо яривал Монгол Улсын эдийн засаг ямар аюултай эрсдэлтэй байдалд орсныг харж болно. Дээр нь маш олон бонд гаргасан, Хятадын свот хэлцэл байна... Бүгд өр зээл шүү дээ. Өр зээлээ төлөхийн тулд бид яах ёстой юм бэ, бидэнд ямар боломж байгаа билээ. За тэгээд Монгол Улсын бизнес эрхлэгчид хэд билээ, хүн ам хэд билээ гээд бодохоор бүрхэг л дээ. Бид эд нараасаа л татвар авдаг эс бол зээл тавьдаг нь үнэн биз дээ. Ийм л байдлаар 30-н жил явлаа. Ерөнхийдөө эдийн засгийн блок үүсэх аюултай байдал үүсдгээ үүсчихлээ.
  • Сахигтун Дашдаваа-н зураг.

- Нэг хаалга хаагдахад нөгөө нь онгойдог гэдэг байх аа. Хэдий хүнд байдалд орсон ч эрхбиш гарах гарц байгаа байлгүй дээ?

- Ойлгомжтой. Энэ байдлаас гарахын тулд эдийн засгийн томоохон бодлого боловсруулж хэрэгжүүлэх л арга бий. Бас төсвийн мөнгийг буруу зарцуулдгаа боль. Төсвийн зарцуулалтын бодлого гээч юм манай улсад үнэндээ алга. Төсвөөс гарч байгаа бүх л юман дээр “крант”-ууд холбочихсон. Тендерийн 10 хувь, ЖДҮ-г эрх мэдэлтнүүд авна гэхчлэн шат шатандаа төсөв захиран зарцуулагчдын гар хурууны дүрэлт ороод байгаа учраас Монгол Улсын төсвийн зарцуулалт буруудаж, ард түмэн рүү очдог өр өгөөж нь алга болчихсон. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, том макро эдийн засгийн асуудал бол бий. Гэхдээ төсвөөс хулгай, хууль бус ажиллагаагаа багасгах эдийн засгийн бодлого явуулахгүй бол амбан явахгүй. Тэр ч утгаараа төсвийн болон орлого бүрдүүлэлтийн реформыг нэн яаралтай хийх хэрэгтэй гээд байна. Хамгийн наад захын жишээ гэхэд л 32 их наяд төгрөгийн далд эдийн засаг байна гэж байна. Тэрийг ил гаргаж, татварыг нь төлүүл.

Эдийн засгийг эрүүлжүүлэх гол аргачлал нь цогц бодлого... Одоогийн нөхцөл байдлыг харахад, 2020 оны төсөв 2.9 их наяд байлаа. 2021 онд 13 их наяд, 2022 онд 14.5 их наяд 2023 онд 15 их наяд, 2024 онд 15.6 их наядын төсөвтэй байхаар байна гэж тооцоолсон. Гэтэл корона вирусийн тархалтаас болоод төсвийн хумигдал явагдаж байна. Энэ жил болон ирэх оны төсөв их хүндрэх нь тодорхой болчихлоо. Дэлхийн эдийн засагч, ажиглагчид корона вирусээс үүссэн эдийн засгийн шок жил хагас, түүнээс урт ч үргэлжилж магадгүй гэж хэлж байна. Гэтэл манайхан сонгуультайгаар холбоотойгоор нэлээн хэдэн чөлөөлөлт хийчихлээ. Төсөвт шууд л нөлөөлнө. Хамгийн наад зах нь төсвийн ажилчдынхаа цалинг яаж тавих вэ, томоохон юмаа яаж зохицуулах гээд асуудал үүснэ.

Гэтэл дэлхийг хар. Улс орнууд энэ үеийг даван туулахын тулд тусгай хуулиуд баталж байна. Засгийн газар, Сангийн яам нь шинэ суурь, маневарлах эх үүсвэрийг тооцож хуульчилж, оруулж ирээд парламентаараа батлуулаад явж байна. Харин бид өнөөдрийг хүртэл эдийн засгийн “шок”-ноос сэргийлэх, гарах бодлогоо боловсруулаагүй байна гэдэг дэндүү харамсалтай хэрэг шүү. Сонгуульд зориулсан чөлөөлөлт амлалт л их байх шив дээ... Сонгуульд ялах хүсэл эрмэлзлээсээ болоод улсынхаа эдийн засагт томоохон шок үүсгэх нөхцөл байдал руу орчихсон үл мэдэгчин царайлж байна л гэж харж байгаа. Угтаа эрх баригчид сонгууль гэж шууралгүй төсвийн тодотголоо хийж, томоохон бүтээн байгуулалт хийхээр төсөвт тусгасан ажлаа бүгдийг нь цуцлах шаардлагатай болчихоод байгаа юм шүү дээ. Барилга байшин, хөшөө, сургуулийн дотуур байр, музейн ажлыг төсвийн тодотголоор зогсоочих. Дараа нь эдийн засаг сэргээд ирэхээр хийж болно ш дээ. Нэмж хэлэхэд, нийгмийн эмзэг бүлгүүдийг онцгой анхаарч, худалдаачдыг тусгай бодлогоор дэмжих ёстой.

- Яагаад онцлон худалдаачдыг дэмжих ёстой юм бэ?

- Ачааны хүндийг үүрдэг хэсэг маань биз дээ. Ялангуяа жижиг болон хувиараа бизнес эрхлэгчид эдийн засгийн эрсдэлд хамгийн түрүүнд өртөж байна. Үүнээс болж хэдэн хүн ажилгүй болчихоод байгааг МХАҮТ-ынхан нарийн тооцоолоод гаргачихсан байна лээ. Харамсалтай нь тэднийг дэмжих арга зам, бодлого хууль дүрэм журам одоогоор л лав гараагүй байна.

Тодорхой бүлгүүд рүү чиглэсэн эдийн засгийн дорвитой сигмент хий. Монголбанк бодлогын хүүгээ ахиад бууруул. Ийм үед л бууруулна ш дээ. Тэгж байж арилжааны банкны хүү буурах бололцоотой болно гэхчилэн төрийн зүгээс зохицуулж болох эдийн засгийн бодлого дээр дорвитой арга хэмжээ авахгүй энэ чигээрээ жаахан... жаахан л удах юм бол угаас цөөхөн дундаж давхаргынхан маань ядуу руугаа, ядуус нь бүр хүнд байдалд орж нийгмийн эмзэг бүлэг рүү шилжинэ. Аврал байхгүй. Тэр ч утгаараа бид олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн хэлцлээ эргэн ярилцаж, өөрчлөх, мөн банк санхүүгийн байгууллагынхтайгаа ярилцаж ойлголцох хэрэгтэй байна. Мэдээж нэн түрүүнд  нөхцөл байдалдаа үнэн зөв дүгнэлт өгч, эдийн засгаа тодотгоод тусгай хууль батлан, онцгой нөхцөл байдалд зориулсан эдийн засгийн арга хэмжээнүүдийн хууль баталж, түүнийгээ хэрэгжүүлж байж л эдийн засгийн шокноос эрсдэл багатай гарна.

- Бодлогын хүү, зээлийн хүү бууруулах гэхээр гаднаас арилжааны банк оруулж ирэх асуудал хөндөгддөг. Атал гаднаас арилжааны банк оруулж ирвэл Монгол Улс гадны бохир мөнгө угаах гол субекьт болно гэх зүйлийг ярьж цааргалдаг хэсэг бас бий?

- Яг үнэндээ, эдийн засгийн үүднээс харах юм бол Монголын банк санхүүгийн салбар эрүүл бус шүү дээ. Хэтэрхий олон банк байна. Тэднийг бодлогоор зангиддаг банкны холбооны удирдлага нь ч юм уу, тэр нь УИХ, Монголбанктай хамтарч “лобби” хийж байх жишээний юмнууд байгаа нь нууц биш. Миний хувьд гадны банк оруулж ирэхийг дэмждэг хүний нэг. Гадны бохир мөнгө төгрөг угаана гэдэг бол өөрийн чинь хэлснээр тархи угаалт. Тэртээ тэргүй Монголд гадны банк битгий хэл гадаад захирал, өмчлөгчтэй банк зөндөө л байгаа биз дээ. Юунаас нь айгаад байгаа юм бэ. Даяаршсан ертөнцөд гадныхан Монголд бохир мөнгө оруулж ирээд угаана гэж ёстой байхгүй шүү. Замбараагүйтэл, авлига газар авсан ч Монгол Улс өөрийн гэсэн хуультай тусгаар улс. Байг гэхэд, Монголд орж ирээд мөнгө угаах нь уу, яах нь вэ гээд хянаад байж байдаг олон улсын хяналтын байгууллагууд байж байна, цаана чинь. Шууд хэлье. Хууль бус мөнгө угаах бололцоо байхгүй. Манай хууль хяналтын тогтолцоо хэрэгжүүлж хянаж чадвал чанга шүү. Бодоод үз л дээ. Хамгийн наад зах нь орж ирсэн хэдэн хятадуудыг хаана юу хийж байна гээд хянаж чадаж байгаа биз. Бид гадныханд ганц л шаардлага тавина... “Та нар дэлхий нийтэд мөрдөгдөж байгаа санхүү эдийн засгийн бодлогыг мөрд, протоколуудыг дага. Бас Монгол Улсын хууль энэ. Бүгдийг хуулийн дагуу хий.  Өөр асуудал байхгүй”.

Тэгж яривал гадны банк орж ирснээр Монголын бизнес эрхлэгч, хувь хүмүүс бага хүүтэй зээл авах, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын өөрсдөдөө блок тавиад хөдөлгөхгүй байгаа хашилтыг сэтэлж гаргах бодит орчин бий болно. Гадны банк, бохир мөнгө гэдэг холбоос нэгд тухайн салбарын онцлог, хоёрт монголчууд бидний эдийн засгийн ойлголт муугаар далимдуулан өөрсдийнхөө шударга бус үйл ажиллагааг хамгаалах гэсэн монополь “гар”-уудын сөрөг сурталчилгаа. Өөр юу ч биш. Боломж гарвал Монголын банкуудыг цөөлж, гадны банкуудыг оруулж ир. Монголын банк санхүүгийн салбарт хийх реформын нэг хэсэг нь энэ. Монголчууд цалин, хэрэглээ, бизнесийн зээл авахдаа дэлхийн жишгээр бага хүүтэй зээл авч яагаад болохгүй гэж... Тэр нөхцөл боломж руу чирэх л хэрэгтэй ш дээ. Манайхан шиг өргөн хэрэглээний зээлийн хүү нь мөнгө хүүлэгчийн шинжтэй улс орон хаа байна, дэлхийд...

- Нээрээ ч банкны хүү нь хувиараа мөнгө хүүлэгчээс дутахгүй л их дээ. Мөнгө хүүлэгчтэй нүүр тулж байгаа юм шиг л амьдарч байна ш дээ, монголчууд?

- Бид банкаа хянаад байгаа юм шиг байгаа боловч тэрнээс доогуур эдийн засаг, мөнгө хүүлэлтийн замбараагүйтлийг хянаж чаддаггүй. Ард түмэн ядуу, мөнгөний  хэрэгцээ их байгаа байдлыг далимдуулж ашиг олдог хэсэг байна.  Мөнгөтэй баян хүмүүсийн холбоо сүлбээтэй нөхөд л “ядуус”-т өндөр хүүтэй мөнгө зээлж улам ядуу болоход нь тусладаг юм ш дээ. Түүнээс биш ядуу хүн, ядуу хүндээ мөнгө зээлэхгүй. Минийхээр шударга бусаар хөрөнгөжиж байгаа бүх хүмүүсийг АТГ шалгах хэрэгтэй. Хөрөнгөө нотол. Нотолж чадахгүй бол хураалга. Хөдөлмөрлөөд олсноо нотолж чадвал төр юм ярихгүй, харин ч бүр урамшуулж шагна. Хөрөнгөнийхөө  50 хувийг нотлоод, 50 хувийг чадахгүй байгаа бол 50 хувийг нь хурааж улсын орлого болго. Далд эдийн засгаа ил гаргаж, улсын сан хөмрөгөө нэмэгдүүл.

АНУ-д хаус авч, оффшорт мөнгө байрлуулдаг л гэнэ. Монголын хамаг баялгийг зарчихаад гадаадад очоод тэнээд явж байж болох уу. Ийм юмыг хянаж чаддаггүй төр байна гэдэг эмгэнэл... Ард түмэн, мэргэжлийн хяналт, олигархиудын сүлжээг ард түмэн сонголтоороо л өөрчилдөг нь хүн төрөлхтний туулаад ирсэн туршлага бас дадлага. Залуу хөгшин нь хамаагүй ээ, цэвэр, сэтгэлтэй хүнээ л сонго. Өнөөгийн завхрал дампуурал руу улс орноо чирсэн хүн, тэдний үр хүүхэд, хамаарах нөхөд өөрсдийнхөө эрх ашгийнхаа төлөө энэ улс орны бүх боломжийг хувьдаа ашигласаар л байх юм байна. Алдаагаа засдаггүй, засахыг хүсдэггүй гэдгийг харлаа. Өмнөх 30-н жилд нийгмийн шилжилт ийм л байдаг юм байх гэж гэж итгэж явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл биш байна. Алдаагаа давтаад үргэлжлүүлээд байж болохгүй биз дээ. Ирээдүйн 30-н жилийг маш ухаалгаар даван туулахын тулд, үүссэн өр ширнээсээ салахын тулд дотоодын эдийн засгийн нөөц бололцоон дээр тулгуурласан эдийн засгаа босгох хэрэгтэй байна. Одоо олон улсын томоохон интеграциудад орж, эдийн засгийн коридоруудыг үүсгэе. Төр хөрөнгөө босгоод томоохон стратегийн ордууддаа хөрөнгө оруулалт хийж хяналтандаа авч, Европын хамтын ажиллагаанд элсэн, Шанхайн хамтын ажиллагаанд хамтарч, гуравдагч орны стратегийн түншлэлийнхээ гэрээнүүдээ үр дүнтэй ашиглая. Ийм томоохон далайцтай бодлого явуулахгүйгээр улс доторх хэдэн хүнтэйгээ ноцолдож, иргэдээсээ татвар авч тэрүүгээрээ төр нь амьдрах гэдэг. Зүгээр ч үгүй тэр татварынх нь талыг зам зуураас нь захиран зарцуулах эрх бүхий этгээдүүд нь авч иддэг, үлдэгдэл дусал нь ард түмэнд очдог эдийн засгийн энэ гажиг систем, төрийн төөрөлдсөн бодлого үргэлжлэх юм бол Монгол өөдлөхгүй... Өөрчлөх боломж байгааг нь харсан хүний хувьд өнөөдрийг хүртэл хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болж, хуйвалдаанаас холхон явсан хүн л дээ, би. Гэхдээ монгол хүний хувьд, Монгол зөв зам руугаа орох эрин цаг үе ойрхон байгаа гэдэгт итгэдэг. Эцэст нь хэлэхэд, ядаж л бид өөрсдөө чаддаггүй юм бол олон улсын тусгай байгууллагуудтай хамтарч, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах агентлаг байгуулж болно. 2000 жил дамжсан төрт ёстой улс бол түүхийн сургамжийг сайтар тооцох ёстой. Түүх бол бидний хамгийн том гадаад бодлогын баримжаа. Дэлхийн хөгжлийн чиг баримжааг ч бас тооцох ёстой.

- Нээрээ ч ЖДҮ гэдэг зүйлд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон нь нийгэмд багагүй бухимдал үүсгэсэн. Иргэддээ олгох боломжийг иргэдээ төлөөлж суугаа хууль боловсруулагчид “хуссан” гэхээр?

- Хуйвалдаад л авчихсан бол хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа байх.  Өмч хувьчлалаас хойших эдийн засгийн эргэлзээтэй бүх асуудалд шалгалт оруулах хэрэгтэй ш дээ. Үндэсний тусгай ажлын хэсэг байгуулж хулгайлагдсан бүх хөрөнгө, өмчийг олж цуглуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм билээ. Төрийн өндөр албан тушаалтан нь хууль бус зүйлтэй холбогдсон бол илүү л өндөр ялтай байх учиртай. Гэм байвал ял үүрүүлэх хэрэгтэй. Тийм биз дээ...

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Эс сурвалж: Б.Тэргэлжин (nertur.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     127    0