МАН тендер, концесс, ЖДҮ-д холбогдсон 22 гишүүний нэр дэвших эрхийг хасч, гаднаас 33 шинэ хүн нэр дэвшүүлэхээр тохирчээ

Улстөрийн намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулж байна. АН-ын ҮБХ-ноос гаргасан шийдвэрийнхээ талаар өнөөдөр мэдээлэл хийнэ гэсэн бол МАН Бага хурлынхаа шийдвэрийг маргааш албан ёсоор зарлана гэх мэдээлэл байна. 

Гэхдээ баттай эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны сонгуульд одоогийн парламентын гишүүдээс 22-г нь нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, тендер, ЖДҮ, концесс зэрэг элдэв гэмт хэрэгт холбогдсон 22 гишүүнийг нэр дэвшүүлэхгүй, харин гаднаас нэр цэвэр, боловсрол дээгүүр, ажлын туршлага, чадвартай 33 хүнийг нэр дэвшүүлэхээр зурагджээ. 

Ингэснээр одоогийн парламентээс 43, гаднаас 33 шинэ хүн нэмж, сонгуульд өрсөлдөхөөр болсон гэсэн үг юм. 

Уг 22 гишүүний дотор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Д.Гантулга нар багтаж байгаа гэж үзвэл 20 гишүүн нэр дэвших эрхээ хасуулж байгаа аж. Учир нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хувьд намын гишүүнээс хасагдаж, бие даан нэр дэвшиж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хувьд хүчингийн гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байгаа билээ. 

Одоогийн байдлаар ЖДҮ-д нэр холбогдсон Я.Содбаатар, Л.Энхболд, Ж.Энхбаяр нар нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн “Монполимет” ХХК-ийнхаа улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанкаар барагдуулсан гэх УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ч нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд байна. 

Б.Аз

Эх сурвалж: www.zaluu.com

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     65    0