ДАРХАН-УУЛ: “Чингис мастер кросс-2023” автомашины бартаат замын уралдаан болж байна

ДАРХАН :Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Чимэдцэрэн агсаны нэрэмжит автомашины бартаат замын уралдаан “Чингис мастер кросс-2023” эхэллээ. 1998 онд анх зохион байгуулагдаж байсан тус уралдаан тамирчдын ур чадварыг сорьсон, жилээс жилд өргөжин тэлж оролцогчдын тоо нэмэгдсэн томоохон уралдааны нэг болсон. 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уралдаан “Ковид19” халдварын улмаас хоёр жил засварласан бөгөөд өнөөдөр ийнхүү 23 дахь уралдаан болж байна. Чансаа өндөр тамирчдын хурд хүчийг сорьсон “Чингис мастер кросс” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” ХХК, ерөнхий зохион байгуулагчаар Монголын автомастеруудын холбоо, хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, зохион байгуулалт, аюулгүй ажиллагаанд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд оролцож байна. Тэмцээнд нийт 63 тамирчин оролцож байгаа бөгөөд 7 гараатай аж. Хэсгийн 4, хагас шигшээ 2, финалын нэг гараанаас шилдэгүүд тодорно. Хорин гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уралдаанд МУГТ Д.Болдбаатар хамгийн олон буюу 8 удаа түрүүлж, 4 удаа дэд байрт шалгарч байжээ. Түүний хувьд тэмцээнийг хоёр, гурван жил завсарлаж, өнжиж байсан ч хамгийн олон түрүүлсэн тамирчин хэвээр байна. Зохион байгуулалтын тухайд үзэгчдэд илүү боломжийг нээж өнгөрсөн жилээс Дархан хотын 89.5 радоигоор мэргэжлийн тайлбартайгаар хүргэж эхэлсэн нь уралдаан илүү сонирхолтой болсон. Радио долгионоо автомашиндаа тааруулж үзэх боломж олгож буй 89.5 радиогийн хамт олон иргэд талархаснаа илэрхийлж байлаа. Уралдааны үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нээлттэй худалдаа хийх боломжтой. Гэхдээ чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхэд хяналт тавих аж. Уралдааны замын тухайд зөөлөн хөрстэй бөгөөд огцом эргэлт, өгсүүр ихтэй, жалга, уулын хазгай зэрэг нь бусад уралдааны замыг бодвол бартаа ихтэй ур чадвар, тэсвэр, уран жолоодлогыг ихэд шаарддаг гэж тамирчид онцолж байна. “Чингис мастер кросс-2023” уралдааны шилдэгүүд өнөөдөр орой тодрох бөгөөд нийт шагналын сан 20 сая төгрөг ажээ. Ташрамд Монголын автомастеруудын холбооноос зохион байгуулдаг уралдаануудаас хамгийн олон үзэгчтэй уралдаанд зүй ёсоор Дархан хотод зохион байгуулагддаг” Чингис мастер кросс” бөгөөд тогтмол 40-50 мянган хүн үздэг аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     43    0