Олон улсын эрүүгийн шүүх В.Путинийг баривчлах зөвшөөрөл өгчээ

Нидерландын Хааг хотод байрладаг Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг, түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийг хамгаалах тусгай эрхт төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах зөвшөөрлийг баасан гарагт олгожээ. Тэднийг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс ард иргэд, хүүхдүүдийг ОХУ-ын нутаг дэвсгэр лүү хууль бусаар албадан нүүлгэсэн хэрэгт сэжиглэж байгаа гэж Олон улсын эрүүгийн шүүх мэдэгдсэн байна. "Өнөөдөр 2023 оны гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан ажиллагааны хоёрдугаар танхим Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ноён Владимир Владимирович Путин, хатагтай Мария Алексеевна Львова-Белова нарын хоёр хүнийг баривчлах зөвшөөрөл өглөө" гэж шүүхийн мэдэгдэлд дурджээ. Украины хүүхдүүдийг Оросын нутаг дэвсгэр лүү нүүлгэн шилжүүлснийг дайны гэмт хэрэг гэж үзэж болно гэж НҮБ-ын Мөрдөн байцаах комисс пүрэв гарагт мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдэхдээ, “түүхэн хариуцлага хүлээх түүхэн шийдвэр” гэсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова, ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гол баримт бичиг болох Ромын дүрмийг соёрхон батлаагүй учир уг шийдвэрийг хууль эрх зүйн талаасаа тус улсад ямар ч ач холбогдолгүй хоосон зүйл гэж мэдэгджээ. Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийг Орос хүлээн зөвшөөрдөггүй, түүний шүүн таслах эрхэд хамаарахгүй гэж В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн мэдэгдсэн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     51    0