Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд эхэллээ. Сонсголын эхэнд хэлэлцэх асуудалд холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, НЗДТГ-ын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Т.Оргил тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр дуудагдан ирсэн байна.
Тэрээр асуултад хариуллаа. "2012 онд ард түмэн Ардчилсан намд итгэж засгийн эрхийг өгсөн. Тэр үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэ нь манай эдийн засагт нэлээд хүнд тусна гэж үзсэн учраас гаднаас мөнгө босгож, эдийн засгийн уналтыг хохирол багатай даван туулах ёстой гэж үзэж Чингис бондыг босгосон. Би 2012 оны наймдугаар сарын 12-нд Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдсон. Бондын асуудлыг 12 хоногийн дараа гаргаж тавьсан. Аравдугаар сарын 25-нд 5 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний бонд гаргах зөвшөөрлийг Их хурал Засгийн газарт олгосон. Ингээд Засгийн газрын 100 хоногт буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 26-нд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон. Арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Монголбанкин дахь Сангийн яамны дансанд орж ирсэн. Би Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2 жил ажилласан. Энэ хугацаандаа 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 300 сая ам.долларын Самурай бонд, Хятад, ОХУ, Европын орнуудаас гээд нийт 2.7 тэрбум ам.долларыг босгож Монгол Улсад оруулж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа Монгол Улсдаа гаднын зах зээлээс өртөг хямд эх үүсвэрийг оруулж ирсэн болохоос авч гараагүй. Мөнгө оруулж ирсэн болохоос захиран зарцуулах эрх эдлээгүй. Хэрвээ энэ мөнгөнүүдийг оруулж ирээгүй, эдийн засгийн үйл ажиллагаа явуулаагүй бол манай улс 2012 онд маш хүнд байдалд орох байсан. Дэлхийн зах зээл дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их унасан. Нүүрс, алт, зэсний үнэ асар их унасан бөгөөд энэ хямралаас гарахын тулд энэ хөрөнгийг босгосон. Чингис бондоор 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийсэн.
Чингис бондын хөрөнгө анх босохдоо хоёр янзаар орж ирсэн. Хамгийн хямдаар боссон зээл. Хамгийн сүүлийн зээл Чингис бондын хүүнээс даруй хоёр дахин өндөр хүүтэй мөнгө. Чингис бонд босгоод Монгол Улсыг өрөнд оруулсан гэж байгаа бол үгүй. Чингис бондын мөнгөөр Монголд асар их бүтээн байгуулалт хийсэн. Гудамж төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад орсон. Орон нутгийн холбосон замууд барьсан. 50 жил хаагдсан байсан Богд уулын арын зам барьсан. Сонсголонгийн замууд, зуслангийн замууд, Сонгино, биогийн замууд баригдсан.
Чингис бондын хөрөнгөөр Монгол улс өөрийн онгоцтой болсон. Бонд эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгө. Ялгаа нь бэлэн мөнгөөр орж ирдэг. Бусад засгийн газрын зээл бол бараа товараар орж ирдэг. Бараа товараар авахад илүү үнэтэй авдаг. Чингис Бондыг босгоход Монгол улс тэрбум доллар босгож болдог юм, юм хийж болдог юм байна гэдэг итгэлийг өгсөн. 100 хоногийн дотор 1.5 тэрбум доллар орж ирсэн.
Энэ үеэр надтай хамтарч ажилласан хүмүүст баярлалаа. Юуны түрүүнд энэ мөнгийг босгоход Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатдаа баярлалаа. Чингис бонд Ази тивийн хамгийн шилдэг бондоор шалгарсан. Харамсалтай нь тэр залууг 2016 оноос хойш хорьж цагдаад ажилгүй болгож байна. Юм хийдэг хүмүүсээ дэмжиж ажиллах ёстой. Н.Мөнхбат одоо 8 хувийн зээлтэй, өөрийн гэсэн унаа машин ч үгүй хүн. Ийм хүнийг мөнгө идсэн гэх үү. Болих хэрэгтэй. Юм хийж чаддаг, эрсдэл үүрч чаддаг, өндөр боловсролтой чадвартай залуу үеэ дэмжиж ажиллах хэрэгтэй. Миний зөвлөх байсан. Австри улсад бакалавр, мастераа хийгээд ирсэн хүн.
Мөн Батболд гэдэг өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан залууг Гудамж төсөлд ажиллуулсан. Би энэ төслийг өөрөө санаачилж, хийлгэсэн. Нэг том уулзварыг бид сар хүрэхгүй хугацаанд хийж байсан. 24 цагийн хяналттай байсан. Саппорогийн уулзварт осол гардаггүй өдөр байгаагүй. Тэгвэл тэр хүн маань ажилгүй болчихсон сууж байна. Тэр залуу хуучин байрандаа амьдарч байгаа.
М.Сономпил сайд ТЭЦ3, 4-ийн өргөтгөл, Амгалан Дулааны станцыг цоо шинээр байгуулж чадсан. Харамсалтай нь энэ ажлыг хийсэн хүнийг өчигдөр та гүтгэн доромжилсон. Амгалан дулааны цахилгаан станцыг барихдаа хахууль авсан хэргээр тэр хүн шүүхээс ял сонссон гэж хэлсэн. Тийм зүйл болоогүй. Тиймээс таныг уучлалт гуйхыг хүсэж байна. Хэрвээ өнөөдөр Амгалангийн дулааны цахилгаан станц ашиглалтад ороогүй бол ТЭЦ -3,4-ийн өргөтгөлийг хийгээгүй бол Улаанбаатар хот ямар байдалтай байх байсан бэ.
Авто замын хувьд ярихад, Монгол Улсад 2012 он гэхэд уртаашаа 3000 км зам баригдсан байсан. 2012-2016 оны хооронд тэр хэмжээтэй тэнцэх 3000 км замыг энэ хөрөнгөөр барьж байгуулж чадсан. Ингэснээрээ Монгол Улс 21 аймгаа улсын нийслэл Улаанбаатар хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдож чадсан. Улаанбаатар хотод өнөөдөр түгжрэл их байна. Хэрвээ Улаанбаатар хотод "Гудамж" төсөл хэрэгжүүлээгүй байсан бол өнөөдөр юу болсон байхыг төсөөлж хэлэх аргагүй" гэлээ..
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 569
0