Манай Улс ардчиллын индексээр дөрвөн байр ухарчээ

"Economist Intelligence Unit" олон улсын байгууллагаас жил бүр танилцуулдаг ардчиллын индексээр Монгол Улс дөрвөн байраар ухарлаа. Тус байгууллагаас 2021 онд манай улсыг 62-т жагсаасан бол энэ жил 66-т жагсаав. Энэхүү судалгаанд 167 орныг хамруулсан байна. Ингэхдээ сонгуулийн үйл явц ба олон ургальч үзэл, төрийн үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван үзүүлэлтээр жагсаажээ. Үзүүлэлт бүр дээр хамгийн дээд тал нь арван оноогоор үнэлдэг юм. Манай улс нийлбэр дүнгээрээ 6.35 оноо авч, төгс бус ардчилалтай гэж дүгнэжээ. Өмнөх жилийн судалгаагаар 6.42 оноо авсан билээ. Тус байгууллага ардчиллын үзүүлэлтээр улс орнуудыг бүрэн ардчилалтай, төгс бус ардчилалтай, холимог дэглэмтэй, дарангуйлагч дэглэмтэй гэх дөрвөн ангилалд хувааж үздэг. Манай улсын хамаарч буй төгс бус ардчилалтай ангилалд 6-8 оноотой улсууд ордог. Бид хамгийн дээд талдаа 2014 онд 6.62 оноо авч байсан ч есөн жилийн турш тогтмол буурсаар, байр ухарсаар иржээ. Цаашид ардчиллын үзүүлэлт унасаар 6-аас доош оноо руу Монгол Улс холимог дэглэмтэй гэх ангилалд багтах юм. Энэхүү ангилалд Зүүн Ази, Африкийн орнууд голчлон байдаг юм. Олон улсын байгууллагуудын судалгаанд манай улсын ардчиллын нөхцөл байдлыг улам дордож байгааг сануулсаар байна. "Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас зарладаг авлигын индексийн нэгэн үзүүлэлт болох ардчиллын үзүүлэлтээр бид зургаан оноо алдсан билээ. Энэ талаар Монгол дахь “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын тэргүүн Л.Төр-Од "Манай улс ардчиллын үзүүлэлтээр 34 онооноос 28 болж буурсан нь хамгийн ноцтой юм. Өөрөөр хэлбэл, энэхүү үзүүлэлтэд огцом оноо алдсан нь анхаарууштай. Бид ардчиллын үнэлгээгээр хэзээ ч 31-ээс доош орж байгаагүй, анх удаа 28 оноотой боллоо. Засаг, төр, төрийн байгууллагад авлигын эрсдэл өндөр байгааг энэхүү үзүүлэлт харуулж байна. Ардчилсан тогтолцоо ажиллаж чадвал авлигаас ангид байх боломжтой. Улс төрийн намууд үүнд чухал үүрэгтэй" хэмээн хэлсэн юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     623    0