Швед, Финландыг НАТО-д элсүүлэх тухай гурван талын хэлэлцээ хойшлов

Швед, Финланд улсуудыг НАТО-д элсүүлэх тухай Турк, Швед, Финланд улсуудын хооронд хийж буй хэлэлцээг Анкарагийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар Туркийн дипломат эх сурвалж мэдээлжээ. "Туркийн талын хүсэлтээр Турк, Швед, Финландын гурван талт механизмыг тодорхойгүй хугацаагаар цуцалсан" гэж эх сурвалж мэдээлсэн байна. Түүний хэлснээр, дараагийн уулзалтыг хоёрдугаар сард Брюссельд хийх ёстой байв. Данийн хэт барууны үзэлт намын дарга бөгөөд Шведийн иргэншилтэй Расмус Палудан өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Стокхолм хотод Туркийн эсрэг, мөн Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцсэн жагсаалын үеэр Коран судрын хуулбарыг шатаасан нь Шведийг тус цэргийн эвсэлд элсэхэд дэмжлэг нь хэрэгтэй байгаа Турктэй харилцаа хурцдахад хүргэжээ. Түүний үйлдлийг дэлхийн олон орон буруушаасан. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Стокхолмд болсон энэхүү дуулиант үйл ажиллагааны дараа Швед улс НАТО-д элсэхэд Туркийн дэмжлэгийг хүлээх хэрэггүй гэж мэдэгдсэн билээ. Үүнээс гадна, хоёр долоо хоногийн өмнө Туркт хориглосон Курдийн ажилчны намыг дэмжигчид Шведийн нийслэлд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Швед, Финланд улсууд ОХУ-ыг Украин руу довтолсны дараа НАТО-д элсэхээр шийдэж, эвсэлд нэгдэх хүсэлтээ өнгөрсөн онд албан ёсоор гаргасан. Одоогоор хоёр улсын хүсэлтийг Турк, Унгараас бусад НАТО-гийн бүх гишүүн соёрхон баталжээ. Туркийн эрх баригчид Курдийн ажилчны намд дэмжлэг үзүүлэхээ зогсоож, тус улсад терроризмын гэмт хэрэгт сэжиглэгдэж буй идэвхтнүүдийн шилжүүлэн өгөхийг Швед, Финландын эрх баригчдаас шаардаж байгаа юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     72    0