Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Жэймс Клеверлитэй баярын утас солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Жэймс Клеверли нар баярын утас солилцлоо. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол, Британи ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилсан найрсаг харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхий нийт, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил цэцэглэлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж ирснийг мөн үеэр онцолсон байна. Мөн түүхэн энэ онд харилцааны амжилтаа бататгаж, шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Монгол, Британи хоёр улс нь 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон. Британи нь барууны өндөр хөгжилтэй орнуудаас анх удаа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон ба Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц үзүүлсэн юм. 1990 оноос хойш, ялангуяа 2010 оноос эхлээд хоёр орны харилцаа ардчиллын нийтлэг үнэт зүйлс дээр ихээхэн гүнзгийрсэн гэж үздэг. Монгол Улсын 1990 онд сонгосон ардчилал, шинэчлэлийг Британи Улс эхнээс нь дэмжиж ирсэн. Өнөөдөр хоёр орны уул уурхай, боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа жилээс жилд хөгжиж буй. Британи бол Монгол Улсын худалдааны 10 гол түншийн нэг бөгөөд гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Британитай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа өргөжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг цаашид хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэж болно. Жилд Британиас 7 мянган жуулчин Монголд ирдэг бол Монголын 5 мянга орчим иргэн тус улсад сурч амьдарч байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     73    0