Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.4 хувиар нэмэгдлээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 онд урьдчилсан гүйцэтгэлээр 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.8 (25.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай олборлолт 4.1 (32.1 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 499.7 (12.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн оны 12 дугаар сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 408.2 (15.4 хувь) тэрбум, борлуулалт 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 697.6 (21.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл мөн онд урьдчилсан гүйцэтгэлээр 17 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.1 (32.1 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 3.4 (2.1 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 576 (6.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цэвэршүүлээгүй алт, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал олборлолтын биет хэмжээ 1.7 хувиас 2.7 дахин өсөж, харин хүрэн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жонш, газрын тос, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жоншны баяжмал өмнөх оныхоос 4.3–59.3 хувиар багаслаа. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс (99 хувь), цемент, спирт, цагаан архи, ус, ундаа, жүүс, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.5-79.6 хувиар өсөж, харин ноолууран сүлжмэл эдлэл, гурил, шингэн сүү, баяжуулсан нүүрс, нүүрсэн шахмал түлш, амны хаалт, малын мах, металл бэлдэц, янжуур тамхи, гар ариутгагч зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.3–79.9 хувиар багасав. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2022 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 5.5 (22.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 4.6 (25.7 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэлийн борлуулалт 799.7 (15 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оныхоос 4.6 (25.7%) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 5.2 (2.3 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Гадаад зах зээлд 2022 онд урьдчилсан гүйцэтгэлээр 18.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 18 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт юм. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 48.6 хувийг металлын хүдэр, 46.5 хувийг нүүрс, 4.4 хувийг газрын тос, 0.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2022 оны 12 дугаар сард 201.6 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.5 нэгж хувиар өссөн аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     67    0