БАЯНХОНГОР: Хүүхдийн спортын зуны VII наадмыг зохион байгуулах талууд зөвлөлдлөө

Баянхонгор : Энэ оны зургаадугаар сард Монголын "Хүүхдийн спортын зуны VII наадам"-ыг Баянхонгор аймагт зохион байгуулахаар болсон. Спортын 21 төрөлд улсын аваргуудыг шалгаруулах тус наадмын зохион байгуулагч талууд хамтран ажиллах гэрээнд энэ сарын 24-нд гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спорт улсын хорооны дарга О.Баттулга, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Н.Оюунбаатар нар оролцов. Наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан мөн үеэр онцолж байлаа. Тус аймаг өмнө нь “Баянхонгорын бага олимп”-ыг гурав, 2016-2022 онд улсын чанартай өсвөрийн тав, залуучуудын нэг, насанд хүрэгчдийн гурав, ахмадын насны нэг тэмцээнийг нутгийн дэвжээнд зохион байгуулж байсан туршлагатай аймаг гэдгийг тэрээр хэлсэн. Одоогоор 11 зочид буудал, 50 гэр байгууламж, найман сургууль, 10 гаруй цэцэрлэгийн байр, хоолны газрууд болон үйлчилгээний 30 гаруй автобусаар зочдоо авах боломжтойг мөн онцолж байв. Аймгийн төвийн баг, сургууль, аж ахуйн нэгж байгууллагын 19 спорт заал, гурван талбайтай болсноос гадна “Усан бассейн бүхий спорт цогцолбор”-ыг мөн үеэр ашиглалтад оруулж, наадмын гол үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байна. Наадмыг зохион байгуулснаар Баянхонгор аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ. Монголын "Хүүхдийн спортын зуны VII наадам"-ыг ийнхүү анх удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулахаар болж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     60    0