СҮХБААТАР: Сарын хугацаанд 376 зөрчил илрүүлжээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, урьдчилсан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж байна. Ингэснээр зөвхөн нэг сарын хугацаанд аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 376 зөрчлийг илрүүлсэн байна. Цаашид аймгийн цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жолооч, явган зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг аймгийн хэмжээнд таслан зогсоох, “Хариуцлагатай жолооч хар хайрцаг” уриалгыг хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтансүх хэллээ. Тус аймагт 2022 онд нийт 116 зам тээврийн осол гарсны улмаас 8 хүн нас барж, 25 хүн хүнд болон хөнгөн гэмтэж, иргэд байгууллагад эд хөрөнгийн их хэмжээний хохирол учирсан ноцтой осол гарчээ. Дээрх зам тээврийн ослын үндсэн шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн зэргээс үүдэлтэй.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     67    0