ӨВӨРХАНГАЙ: Б.Баатарчулуун: Сум чадварлаг боловсон хүчинтэй байвал эргээд аймаг, улсын хөгжилд эерэгээр нөлөөлдөг

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд аймаг, сум, байгууллага бүр хүнээ татан авах, үүрэг хүлээсэн. Өвөрхангай аймгийн хамгийн алслагдсан сум болох Баруунбаян-Улаан суманд дээрх зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх боломж байгааг Засаг дарга Д.Баатарчулуунаас тодрууллаа. - Баруунбаян-Улаан сумын хүн амын тоо хэд вэ. Иргэдийн шилжилт хөдөлгөөн хэр байдаг вэ? - Манай сум одоогоор 2700 гаруй хүн амтай. Сүүлийн жилүүдэд говийн сумдад шилжилт хөдөлгөөн ихэсч байна. Учир нь алслагдсан сум дахь иргэдийн амьдралын эх үүсвэр, оршин суух боломж нь хөдөө аж ахуйд суурилсан байдаг. Гэтэл хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбарт бэрхшээл их байна. Бэлчээрийн доройтол, цаг агаарын байдал, малын гаралтай түүхий эдийн үнэгүйдэл, хүүхдийг 6 настайд нь сургуульд суулгах зэрэг олон шалтгаанаас болж, малчдын тоо цөөрч байгаа. Амьдрах нөхцөл нь доройтоод ирэхээр орлого сайтай ажил хөдөлмөр эрхлэхээр малчид төв суурин газрыг бараадаж байна. Нөгөө талдаа суманд боловсрол, эрүүл мэндийн асуудлыг ярихгүй бол болохгүйд хүрч байна. Сайн багш нарыг төв рүү татчихдаг. Эмч ч ялгаагүй, суманд 2-3 жил ажиллаад, чадваржаад, сумынхаа эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох ажлын дөртэй болоод ирэхээр нь дээш нь нарийн мэргэжлийн эмч болгож сургаад татчихдаг. Хэдийгээр цалин, урамшуулал нь ижил ч хүмүүс тав тухтай орчинд амьдрахын тулд хот, аймгийг бараадаж байна. Үүнээс болоод сумын эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд доголдол үүсэх хэмжээнд хүрээд байгаа. Энэ асуудлыг сум дангаараа шийдэж чадахгүй. УИХ, Засгийн газрын хэмжээнд төрийн бодлогоор зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. - Баруунбаян-Улаан сумаас олон сайн эмч нар төрөн гарсан. Энэ нь юутай холбоотой вэ? - Сум чадварлаг боловсон хүчинтэй байвал эргээд аймаг, улсын хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Манай сум Р.Ваня гээд химийн маш сайн багштай байлаа. Шавь нар нь элсэлтийн ерөнхий шалгалт, олимпиадад химийн хичээлээр нэг, хоёрт л ордог байсан. Одоо бүгд аймаг, хотын эмнэлэгт тэргүүлэх эмч нар болчихсон явна. Химийн ганц сайн багш байхад л арав гаруй шилдэг эмчийг бэлтгээд өгсөн байна. Тэгэхээр сумдад чадвартай эмч, багш нарыг ажиллуулах, үүний тулд цалин хангамжийг аймаг, нийслэлд ажиллаж байгаа эмч, багшаас илүү өндөр тавьж өгөх, тэгээд амьдрах тав тухтай байдлыг хангаж өгснөөр хүмүүсийн суманд ажиллаж, амьдрах сонирхол нэмэгдэнэ. - Баруунбаян-Улаан суманд ажиллаж, амьдрахыг хүссэн хүнд өөр ямар боломжууд байдаг вэ? - Богд хайрхан, Элсний эмчилгээ, Хүрэн хадны рашаан зэрэг үзэсгэлэнт газар, палентлогийн олворууд бүхий онцлог газар олонтой. Орчин үеийн жишигт нийцсэн баазуудыг байгуулж ажиллуулах юм бол хүмүүс амралт, аялалаар их ирдэг. Мөн усалгаа, тоног төхөөрөмж, үрийн дэмжлэгийг шийдэж чадвал аймгаа төмс, хүнсний ногоо, шийгуа, халтар арвайгаар хангах бүрэн боломжтой. Өнгөрөгч зун 2 га орчимд шийгуа тарьсан. 20-30 га-д тарих боломж байдаг. Үүнд хөрөнгө оруулалт чухал байна. Иргэд эдийн засагтаа тааруулж тариалалт хийж байгаа учраас зах зээлд гаргах боломж тааруу байгаа юм. Тэгэхээр барьцаа хөрөнгөнд нь биш хийх ажилд нь тааруулж зээл өгдөг, хөнгөлөлттэй зээлийг орон нутагт илүү олгодог байвал суманд өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Нөгөө талаар хур бороо орохоо, ургамал ногоо ургахаа байсан ийм нөхцөлд малын тоогоо бэлчээрийн даацад яаж тохируулах вэ гэх асуудал үүсч байна. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, экспортонд гаргадаг болчихвол мал маллах сонирхолтой залуус олон байдаг л даа. -Танай суманд мод үржүүлгийн газар байгуулсан. Хэр үр дүнтэй байв? -“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Мод үржүүлгийн газрыг байгуулсан. 2022 онд 10 гаруй мянган мод бут тарьж, 400 гаруй мянган модны үрсэлгээ хийсэн. Говийн сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод, бутны суулгацаар хангах зорилгоор хайлаас, заг мод тарьж байна. - Баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     76    0