ХОВД: Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж байна

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" (PROGRES) төслийн хүрээнд Өвлийн хүлэмжийн аж ахуйн сургагч багш бэлтгэж байна. Өвлийн хүлэмжийн аж ахуйн сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 22-24-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалтад тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн болон мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, зөвлөх, хувираа бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл оролцжээ. Улмаар өвлийн хүлэмжийн барилга байгууламж барих техникийн зааварчилгаа, арга аргачлал, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэхтэй холбоотой бизнес төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болсон байна. Ийнхүү орон нутагт сургагч багшаар бэлтгэгдсэн хүмүүс цаашид хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, тэр дундаа өвлийн хүлэмжид ногоо тариалах сонирхолтой иргэдэд зориулан сургалт хийж, мэргэжлийн багшийн заавар зөвлөмжийг түгээн дэлгэрүүлэх замаар стандартын дагуу тариалалт хийх, хүнсний үйлдвэрлэл явуулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх юм. Монгол Улсад ил талбайн ногоо тариалалтыг зөвхөн дулааны улиралд хийх боломжтой байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд тариаланчид төрөл бүрийн хүлэмж ашиглан ногоо тариалах, ургац авах хугацааг сунгах талд дээр анхаарч ажилладаг болжээ. Ингэснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, ургац хураалтын давтамжийг өсгөх боломжтой бөгөөд хүнсний ногоо эрэлттэй байдаг хавар, зуны эхэн сард дотоодын зах зээлд илүү өндөр үнээр ногоогоо борлуулах боломж өргөжих юм. Иймээс хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өвөл, зуны хүлэмж барих техникийн болон менежментийн аргачлалаа сайжруулах нь хамгийн чухал байгааг дээрх сургалтын үеэр оролцогчид хэллээ. Мөн өвлийн хүлэмжийн төрөл, ангилал, хүлэмжийн байршил, зүг чигийг зөв тогтоох, зах зээлийн шинжилгээ, хүний нөөц, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө, өвлийн нарлаг хүлэмжийн цаг уурын хяналтын систем, хүлэмжийн барилга байгууламж барих үе шатыг судлах учиртай хэмээв. Ховд аймаг хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн, сүүний 88.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Жилд дунджаар 2100- 2900 га талбайд үр тариа /хөх тариа/, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалж, жилд 20.0-28.0 мянган тонн ургац хураан авч, зах зээлд нийлүүлдэг аж. Сүүлийн жилүүдэд усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалд зориулсан нутгийн брэнд бүтээгдэхүүн гаргах, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлд төр, иргэн, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллаж буй. Одоогоор Ховд аймгийн хэмжээнд 50 гаруй иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж, тариалалт хийж байгаа. Мөн онцлоход, Хөгжил политехник коллежийн газар тариалангийн багш нар өвлийн хүлэмжид ногоо тарьж, ургацаа хураан авчээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" (PROGRES) төслийн зүгээс орон нутгийн өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг цаашид дэмжиж, гарын авлага боловсруулж өгөх, сургалт болон бусад төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     74    0