НАТО-гийн тэргүүн БНСУ-д айлчилна

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдээлжээ. Й.Столтенберг Сөүл хотноо нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд хоёр хоногийн айлчлал хийж, Гадаад хэргийн сайд Пак Жин, Батлан хамгаалахын сайд Ли Жон Соп тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзах ажээ. Тэрбээр мөн Сөүлийн үндэсний оршуулгын газарт очиж, БНСУ-ын судалгааны байгууллагын зохион байгуулах форумд оролцохоор төлөвлөжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргаа НАТО-той хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа үед энэ айлчлал болж байна. Юн Сок Ёл өнгөрсөн оны зургаадугаар сард НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Ингэснээр энэхүү уулзалтад оролцсон БНСУ-ын анхны удирдагч болжээ. Сөүлд айлчилсныхаа дараа Й.Столтенберг хоёр өдрийн айлчлал хийхээр Японыг зорино.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     65    0