Хоёр байршилд зам засаж, дөрвөн байршилд шинээр байгуулна

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг 2022-2026 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ нь 3 хэсгээс бүрдэж байгаа талаар төслийн зохицуулагч А.Мөнхжаргал танилцуулав. Нэгдүгээрт, иж бүрэн гудамж, зам байгуулах хүрээнд 6 байршилд гудамж замын ажил хийнэ. Ингэхдээ 2 байршилд зам өргөтгөн, шинэчлэн засах бол 4 байршилд шинээр зам байгуулна. Тээврийн ухаалаг системийн хүрээнд замын хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, замын хөдөлгөөний гэрлэн дохионы системийг шинэчлэх аж. Мөн авто зогсоолын судалгаа хийх, стратеги, менежментийн төлөвлөгөө, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, авто зогсоолын менежментийн системийн программ хангамжийг хөгжүүлэх, системийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, суурилуулалт хийх юм. Хоёрт, автобусны эгнээ, нийтийн тээврийн зогсоол тохижилт, эрэлтэд суурилсан нийтийн тээврийн төлөвлөлт хийхээр төлөвлөжээ. Гуравдугаарт, Улаанбаатар хотын тогтвортой зам, тээврийн урт, дунд хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулах, зам, тээврийн ослын мэдээллийн платформ нэвтрүүлнэ. “Төслийн авто замуудын трассын сонголт, газар чөлөөлөлт тулгамдсан асуудал болоод байгаа”-г А.Мөнхжаргал хэллээ. Төлөвлөлтийг 5 жилээр хийж байгаа бөгөөд одоо байгаа 650 мянган машиныг 5 жилийн дараа нэг саяд хүрнэ гэж төлөвлөжээ. Иргэдийн тоо ч 2 саяд хүрнэ гэж үзэж байгаа аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     69    0