БНХАУ-ын компаниуд нүүрсний арилжаанд оролцох, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ

Монголын Хөрөнгийн биржийн удирдлага манай улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Сюежүн, Монгол Улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА нийгэмлэгийн дэд тэргүүн Чай Фанпин нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагын талаар танилцуулав. Монголын хөрөнгийн зах зээлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар мөн санал солилцлоо. Түүнчлэн, экспортын нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжихаар болсонтой холбогдуулан нүүрс худалдан авагч БНХАУ-ын компаниуд нүүрсний арилжаанд оролцох, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-ний 362 дугаар тогтоолоор Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахимаар арилжихаар шийдвэрлэж, Монголын Хөрөнгийн бирж энэ оны нэгдүгээр сарын 12-нд туршилтын цахим арилжааг зохион байгуулсан. Тус арилжаанд БНХАУ, Сингапур, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт байрлах худалдан авагчид оролцсон бөгөөд "Энержи Ресурс" ХХК-ийн нийт 2 багц буюу 12,800 тн нүүрсийг FCA Gashuunsukhait тerminal нөхцөлөөр арилжсан юм. Манай улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компаниас БНХАУ-ын 170 компани нүүрс худалдан авч байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     72    0