ӨМНӨГОВЬ: 55 оюутанд тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардууллаа

Өмнөговь:"Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд, ТУЗ-ийн шийдвэрээр "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн батламжийг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус хөтөлбөр нь орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр суралцаж буй оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, нутагтаа ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна. Түүнчлэн "Нээлттэй Өмнөговь" хөтөлбөрийн орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулж, ажиллах боловсон хүчнийг аймаг, сумандаа ирж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх бодлого төлөвлөгөөтэй уялдан хэрэгжиж байгаагаараа онцлог давуу талтай ажил болж байгаа юм. "Тавантолгой" ХК нь 2020, 2021 онд нийт 300 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ жилийн хувьд 3 болон түүнээс дээш дамжааны 55 оюутныг шалгаруулан тус бүр сургалтын төлбөр болох 2 сая төгрөгийн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө. "Тавантолгой" ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын захирал Б.Мөнгөнсүх: Энэхүү хөтөлбөр нь манай компанийн хувьд уламжлал болгон хэрэгжүүлж байгаа ажил юм. Энэ жилийн хувьд 3 дахь жилдээ зохион явуулж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид ирээдүйн чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн оны 8 дугаар сард тогтоол гарч ажлын баг байгуулан орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудын дунд 8-11 дүгээр сард сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Энэ шалгаруулалт нь ямар шалгууртай байсан бэ гэхээр 1, 2 дугаар дамжаандаа амжилттай суралцаад 3 болон 4 дүгээр дамжаанд элсэн орж суралцаж байгаа бөгөөд голч дүн нь 3 болон түүнээс дээш үзүүлэлтэй байх гэсэн шалгуурыг тавьж, үүнд 55 оюутан тэнцэж хөтөлбөрт хамрагдлаа. МУИС-ийн оюутан Г.Соёл-Ундрах: Би МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд Төрийн удирдлагын мэргэжлээр суралцдаг. Энэ жил 3 дугаар дамжааны оюутан. Миний хувьд "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая" хэмээх энэ тэтгэлэгт 1 дүгээр дамжаанд хамрагдаж байсан бол 3 дугаар дамжаанд дахин хамрагдаж чадсандаа туйлын баяртай байна. Үр дүнтэй, чанартай сайн суралцаж, чадварлаг боловсон хүчин болоод орон нутгийнхаа үнэт мэргэжилтэн болохын төлөө хичээн суралцаж байна. Мөн тэтгэлэгт хамрагдаж байгаа нийт оюутнуудынхаа өмнөөс орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хамт олондоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     75    0