БАЯН-ӨЛГИЙ: Хотон, Хурган нуурын аяллын маршрут

БАЯН-ӨЛГИЙ: Гадаад, дотоодын аялагчид олноор ирж сонирхдог Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудын тухай мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад үзэсгэлэнт Хотон, Хурган нуурыг онцолж байна. Нуурын тухай Хотон, Хурган нуур нь Алтай Таван богд, Загастай хайрхан, Рашаантын уулс, Их түргэний уулсын мөнх цаст оргилуудаар хүрээлэгдсэн эртний мөстлөгийн хунхад тогтсон цэнгэг устай нуурууд бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршдог. Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газарт хамаардаг. Аймгийн төвөөс 160, Цэнгэл сумын төвөөс 90 км зайтай. Хотон нуур нь далайн түвшнээс дээш 2083 метр, хамгийн гүн газартаа 58 метр, дунджаар 26 метр гүн. Урт нь 21,5 км, өргөн нь 4 км, нийтдээ 50 км2 талбайтай. Хурган нуур нь далайн түвшнээс дээш 2072 метр өндөр, 23 км урт, 6 км өргөнтэй. Хамгийн гүн газраа 28 метр, дундаж гүн нь 7 метр, нийт талбайн хэмжээ 71 км2 байна. Хоёр нуур хоорондоо нарийн хоолойгоор холбогддог. Энэхүү модон гүүр бүхий хоолойг Шар гатлага, орон нутгийн иргэд "Сыргалы" хэмээн нэрлэдэг. Дээрх хоёр нуурт Хар салаа, Рашаан, Цагаан ус, Их, Бага Түргэн, Загастай зэрэг 10 гаруй гол цутгаж, ганц Ховд гол гадагшилна. Баруун эргээрээ битүү ой модоор хучигдсан байдаг бол зүүн эрэг нь нүцгэн байдаг. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт оршдог гол, нууруудад 10-аад төрлийн загас идээшин нутагладаг. Үүнээс Хотон, Хурган нуурт Алтайн сугас, монгол хадран, мөн цөөн тоогоор улаан нүдэн, шаргал үхэрдэй зэрэг загаснууд байдаг. Тухайн бүс нутаг нь улсын тусгай хамгаалалттай газарт багтдаг тул дээр нууруудаас зөвшөөрөлгүй загас агнах хориотой гэдгийг сануулан хэлэх нь зүйтэй байх. 1731 онд Хотон нуурын эрэг дээр Зүүн гарын хаант улсын Галданцэрэн хааны Их гүн Цэрэндондовоор удирдуулсан 30 мянган цэрэг Манжийн амбан сайд Бүрдэнгийн их цэргийг бут цохисон түүхтэй. Дайны талбарт манжийн 7 цэрэг алагдаж, 5 мянган цэргээ олзлогдсон гэдгийг түүхчид бичсэн бөгөөд энэ тулаан Хотон нуурын тулалдаан хэмээн түүхэнд үлджээ. Ямар маршрутаар очих вэ? Хотон, Хурган нуурыг зорих хүмүүс Өлгий хот-Улаанхус сум-Цэнгэл сум-Хотон, Хурган нуур, эсвэл Өлгий хот-Сагсай сум-Цэнгэл сум-Хотон, Хурган нуур гэсэн үндсэн 2 маршрутаар явдаг. Өлгий сум-Сагсай сум-Модон хөшөө-Хар нуур-Хурган нуур, Хотон нуур гэсэн маршрутаар явж болох ч зам бартаатай гэдгийг санах хэрэгтэй. Үндсэн маршрутаар явсан ч замын нөхцөл тийм сайн биш. Гэхдээ анхаарал болгоомжтой зарим жолооч нар Prius, Aqua маркийн авто машинуудаар нуурын эргэн тойронд явж байгаа нь харагддаг. Тийшээ явах замдаа орон нутгийн иргэдийн ажиллуулдаг гэр буудлууд /Хар арал/, гуанзаар /Могойтын гүүр/ үйлчлүүлэх боломжтой. Мөн Хотон, Хурган нуурыг холбосон хоолой буюу Шар гатлагын гүүрийн орчимд дэлгүүр, гуанз, шатахуун түгээх станц, гэр буудлууд нэлээн байна. Дугуй засварын газар ч бий. Тухайн газраас юу үзэж сонирхож болдог вэ? Энд эртний мөстлөгийн хунхууд, шувуудын амьдрал, байгалийн үзэсгэлэнт газрууд, эртний хөшөө дурсгалууд, зусланд буй айлуудаар орж казах түмний ёс заншил, ахуй амьдралтай нь танилцах, бүргэдчидтэй уулзах боломжтой. Нуурын эргэн тойронд түүх соёлын дурсгалт газрууд олонтой. Тухайлбал, нуурын зүүн эргээс хойшоо 10 орчим км зайд байрлах Билүүт хэмээх толгойд хадны сүг зураг байдаг. Мөн Хотон нуурт цутгадаг Рашаант, Цагаан ус голын хооронд оршдог Арал толгойн өвөр болон оройн хэвтээ хаданд сийлсэн олон тооны зургуудыг үзэж сонирхож болно. Судлаачдын тайлбарласнаар Арал толгойн хадны зургийн 90 орчим хувь нь ан амьтад ба ан агнууртай, 7 орчим хувь нь мал ба бал аж ахуйтай холбоотой бөгөөд эдгээр зургууд нь эртний анчдын бүтээсэн дурсгал болох нь илэрхий байдаг. Хотон, хурган нуурын орчимд явганаар болон мориор аялах боломжтой. Ингэхдээ орон нутгийн иргэдээс морь, тэмээ хөлсөлж авч болно. Мөн сүүлийн жилүүдэд иргэд мах, айраг, сүү, цагаан идээ, боорцгийг ч их хэмжээгээр зарах болсон байна. Хотон, Хурган нуурын баруун талд Бага Түргэний голын аманд хоёр хүрхрээ бий. Үүнийг манай улсын иргэд Бага Түргэний хүрхрээ хэмээн нэрлэдэг. Бага Түргэний хавцалд оршдог уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч, байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлогтой. Эргэн тойрон нь мөнх цастай уулс, уул хад, зүлэг ногоо, ой мод, булаг шанд, уулын түргэн урсгалтай голуудтай. Хүрхрээ нь 36 метрийн өндөр эгц цавчим хаднаас 2 шатлалтайгаар их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг. Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага хүрхрээний өндөр 13 метр байна. Хүрхрээ орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, аргаль хонь, цоохор ирвэс, хүрэн баавгай, шилүүс мий, нохой зээх зэрэг зэрлэг ан амьтад идээшин нутагладаг. Мөн алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий. Сүүлийн жилүүдэд Хотон, Хурган нуурыг зорин ирдэг аялагч, жуулчдын тоо өсөж байгаа. Иймд орон нутгийн удирдлага, хамгаалалтын захиргаанаас тухайн нутгийн онгон дагшин байгалийг нутгийн иргэдээр хамгаалуулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     84    0