ДУНДГОВЬ: Ахмадууд өргөөнийхөө өрхийг татаж, үүдийг нээлээ

Дундговь аймгийн ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, сурч хөгжих, хүүхэд залуучуудад өөрсдийн түүхэн замнал, өв соёл, мэдлэг туршлагаа өвлүүлэх орчин бүхий Ахмадын ордонтой болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан тус барилгын ажил 2019 онд эхэлж байсан бол 2022 оны 12 дугаар сард хүлээлгэн өгчээ. Дундговь аймгийн хэмжээнд 5700 гаруй ахмад настан бүртгэлтэй байгаа нь нийт хүн амын 12 хувийг эзэлж байна. Аймгийн ЗДТГ-аас ахмадуудын нийгэм, соёлын үйл ажиллагааг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр гарган хэрэгжүүлж байгааг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээлтийн үйл ажиллагааны үеэр онцоллоо. Аймгийн ЗДТГ-аас Ахмадын хорооны үйл ажиллагаа болон урсгал зардалд 50,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байсныг 2023 онд 101,8 сая төгрөг болгон нэмэгдүүлж, 15 сумын Ахмадын хороонд 11,5 сая төгрөгийн урамшуулал, ахмадын спорт, урлагийн үйл ажиллагаанд 9,5 сая төгрөг зарцуулах аж. Өнгөрсөн 2022 онд ахмадуудад сар шинийн баяраар 11,0 сая, Олон улсын ахмадын баярын өдрөөр 14,5 сая төгрөг зарцуулж хүндэтгэл үзүүлсэн байна. Өнгөрсөн жил Ахмадын хорооны 100 жилийн ой тохиож, түүхэн ойтой давхцан 2022 оны ажлаараа “Улсын шилдэг Ахмадын хороо”-гоор шалгарч, “Ахмадын байгууллагын түүхэн цаг үе” номоо эмхэтгэн гаргаж, “Ахмадаа дээдэлье” сүлд дуутай болсон төдийгүй “Ахмадын ордон”-ы шинэ барилгаа ийнхүү хүлээн авсан юм. Тус байгууллага жил бүр ахмадуудын дунд урлаг, спортын наадмыг зохион байгуулж, “Ахмадад ээлтэй сум, баг, байгууллага”-ыг шалгаруулж, соёлын биет болон биет бус өв тээгч ахмадуудаа сурталчлах, хүүхэд, залуучуудад өвлүүлэх зорилгоор “Гэрийн сайн багш” нарыг тодруулж, харьяалалгүй ахмадуудыг аж ахуйн нэгж байгууллагуудад харьяалуулах зэрэг ажлыг тогтмолжуулж, Монголын Ахмадын холбоо, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ойролцоогоор 97,6 хувьтай үнэлүүлдэг байна. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудад Ахмадын сан байгуулах, тэтгэвэрт гаргах ахмадуудын сэтгэл санааг бэлтгэх хөтөлбөртэй болгох, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг бодлого боловсруулах түвшинд нөлөөлөл үзүүлж, үр дүнд хүрч байгаа ажээ. 15 сумын Ахмадын хорооны идэвх, оролцоо сайжирч, 2021 онд Өндөршил сумын Ахмадын хороо, 2022 онд Адаацаг сумын Ахмадын хороо улсын хэмжээнд “Анхан шатны улсын тэргүүний хороо”-гоор тус тус шалгарсан нь аймгийн Ахмадын хорооны ажлын үр дүн юм хэмээн аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир онцолсон юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     83    0