ОРХОН: Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна

Орхон: Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх зорилгоор Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Өвлийн спортыг хөгжүүлэх” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр 2020-2023 он хүртэл хэрэгжинэ. 2018 оны статистик судалгаагаар Орхон аймгийн хэмжээнд спортын 47 төрлийн секц, дугуйланд 24500 хүн хичээллэж байгаагаас өвлийн спортын төрөлд ердөө 1400 орчим хүн хичээллэж байжээ. Тэд цана, тэшүүр, хоккей, мөсний шагай, мөсөн сур буюу өвлийн спортын олон төрлөөс ердөө 5 төрлийг нь сонирхож хичээллэсэн байна. Иймд өвлийн спортын төрлийг нэмэгдүүлэх, багш, дасгалжуулагч, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, өвлийн спортын талбайг байгуулах зорилгоор уг хөтөлбөрийг баталжээ. “Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 4 ЗОРИЛТ: · Өвлийн спорт болон нийтийн биеийн тамирыг нийтэд сурталчлах, чийрэгжүүлэлтийн зөв дадал олгох, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх. · Аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцуулах нөхцөл бололцоогоор хангах. · Орон нутагт өвлийн спортын мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах. · Өвлийн спортын төрлөөр хичээллэх орчныг бүрдүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх юм. Өвлийн спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлнэ “Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ, секц дугуйлангуудын төрөл, тоог нэмэгдүүлэх, Үндэсний спортын төрөл болох мөсний шагай, мөсөн сурын спортыг хөгжүүлэх, шинэ залуу тамирчдыг бэлтгэхэд чиглэж байгаа юм. Мөн өвлийн спортын чиглэлээр улсын болон бүсийн чанартай уралдаан тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, аймаг, орон нутгаас төрөн гарсан ахмад багш болон шилдэг тамирчдаа алдаршуулах аж. Түүнчлэн өвлийн спортын төрлөөр хичээллэх орчныг бүрдүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх, цанын зам, тэшүүр, хоккейн талбайд мөс тавих, тамирчдын бэлтгэл сургууль болон хичээлийн хөтөлбөрт ашиглах цана, тэшүүр, хэрэглэл материалаар хангахад хөтөлбөрийн зорилго оршиж байна. “Эрдэнэт” спорт, амралтын хүрээлэнд 400 метр цанын талбай бэлтгэв 2021 онд "Эрдэнэт" спорт, соёл амралтын хүрээлэнгийн 400 м талбай, Зэвсэгт хүчний 186-р ангийн хажуу талбайд 2.5 км гүйлтийн цанын гулгалтын талбайг бэлтгэн 186-р ангийн бие бүрэлдэхүүн, ахмад, залуучууд, өсвөрийн шигшээ багийн 70 гаруй тамирчин бэлтгэл сургууль хийлээ. Мөн орон нутгийн төсвөөс сургалтын цана 4, уралдааны цана 2, дугуйт цана /сонгомол/ 2, дугуйт цана /тэшилт / 2, нийт 10 ширхэг иж бүрэн цанын хэрэглэлээр хангав. Мөн Зэвсэгт хүчний 186-р анги бэлтгэлийн иж бүрэн 4 ширхэг цана авчээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     81    0