ӨМНӨГОВЬ: Осол, гэмтлээс сэргийлэх "Хүүхэд-Аюулгүй орчин" аян өрнөж байна

Өмнөговь: Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага нэн чухал. "Хүүхэд- Аюулгүй орчин" аяны гол зорилго нь хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэг мэдээлэл өгөх, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах юм. Тус аяныг 2023 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл аймгийн ГБХЗХГ, ЦГ, ОБГ, Залуучууд хөгжлийн газрууд хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй тэмцэх сар” болгон зарласан байдаг. Дээрх тогтоолын хэрэгжилтийн хүрээнд орон нутагт бага насны хүүхэд, өндөр настан, иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэн, осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлж тодорхой чиглэлүүдээр сургалт, зөвлөгөөг зохион явуулж мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд осол гэмтлийн 153 365 тохиолдол бүртгэгдсэнээс 17 хүртэлх насны 61 016 хүүхэд осолд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Харин Өмнөговь аймгийн хэмжээнд 278 хүүхэд осол гэмтлийн улмаас эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан бол үүнээс 177 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Осол гэмтлийн мэдээллийг харахад хүүхдийн бэртэж гэмтэх эрсдэл өндөр үзүүлэлттэй гарчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, та бидний оролцоо хамгаас чухал байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. НҮБ-ын Ерөнхий ассемблейн “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-т осол гэмтлээс урьдчилан сэргийлж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувь, зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн ажиллахыг улс орнуудад зөвлөжээ. Харин “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвх оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах үндсэн зорилтыг тавьсан. Монгол Улсын урт, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Өмнөговь аймагт хүүхэд хамгааллын чиглэлээр үе шаттай төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулан ийнхүү хэрэгжиж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     83    0