ГОВЬ-АЛТАЙ: Зармангийн хоолойн тусгай хамгаалалттай нутагт Смарт программ нэвтрүүлнэ

Говь-Алтай : Зармангийн хоолойн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт олон улсын Смарт программ нэвтрүүлэх сургалт зохион байгууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд Зармангийн хоолойн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт “SMART” программыг хэрэгжүүлэх сургалтыг Тогтвортой хөгжлийн эх дэлхийн хүрээлэн ТББ-ын сургагч багш нар энэ сарын 20, 21-нд Эрдэнэ сумд зохион байгуулсан тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. ОНТХГ-ын менежментийн үр нөлөөг сайжруулах, биологийн олон янз байдлын судалгаа, амьтдын шилжилт хөдөлгөөнийг хянах, судлах, хөдлөл зүй, динамик өөрчлөлтийг үнэлэх зорилгоор олон улсад хэрэглэж буй "СМАРТ" программыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байгаа бөгөөд аймгийн БОАЖГ болон сумын байгаль орчны ажилтнууд болон хяналт, судалгааны ажилд оролцдог холбогдох талууд, идэвхтэн байгаль хамгаалагчдад танхимын болон практик сургалт зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан аж. Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн 24.3 хувийг орон нутгийн тусгай хамгаалалттай газар эзэлдэг бөгөөд Зармангийн хоолойн орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг загвар орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгохоор зорин ажиллаж байгаа юм. 2022 оны 12 сард Зармангийн хоолойн ОНТХ-ын менежментийн төлөвлөгөөг Ensure төслийн хүрээнд мэргэжлийн байгууллага боловсруулан сумын ИТХ-аар батлуулсан юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     76    0