ОРХОН: А.Түвшинжаргал: Өвлийн спортын наадмын үеэр 2600 гаруй тамирчин ирнэ

Орхон аймагт ирэх сарын 6-13-ны хооронд зохион байгуулагдах өвлийн спортын наадмын бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргалтай ярилцлаа. -Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа болдог өвлийн спортын наадмыг Орхон аймаг орон нутагтаа зохион байгуулах эрхийг авсан. Монгол Улсын өвлийн олимп гэж хэлж болохуйц энэ наадмыг эрхийг авах гол шалгуур үзүүлэлт нь юу байв? -Орхон аймгийн удирдлагууд Биеийн тамир, спортын улсын хороонд Монголын бүх ард түмний спортын өвлийн ХVI их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмыг аймаг, орон нутагтаа зохион байгуулах хүсэлт тавьсан. Энэ хоёр том наадмыг зохион байгуулахад 10 гаруй шалгуур үзүүлэлт тавьдаг юм билээ. Баянхонгор аймаг бас энэ наадмыг орон нутагтаа зохион байгуулах хүсэлт тавьсан байсан. Ингээд хоёр аймгийн хүсэлтийн дагуу Биеийн тамир, спортын улсын хорооноос ажлын хэсэг гарч 2022 оны есдүгээр сард Орхон, Баянхонгор аймгуудад ажиллаж газар зүйн байрлал, нийтийн тээвэр, цахилгаан холбоо, зам талбай, барилга байгууламж зэрэгтэй танилцсаны үндсэн дээр Орхон аймаг, Эрдэнэт хотод өвлийн спортын наадмын төрлүүдийг зохион байгуулах эрхийг олгосон. -Хоёр наадмын бэлтгэл ажил хэр байна вэ? - Өвлийн спортын хоёр наадмыг нэг дор зохион байгуулна гэдэг амаргүй, бэлтгэл ажил ихтэй байна. Зохион байгуулах хороонд Биеийн тамир улсын спортын хороо болон “Эрдэнэт” ТӨҮГ-ын төлөөлөл мөн аймгийн бүхий л төрийн байгууллагын удирдлагуудыг багтааж есөн дэд хороог байгуулсан. Хороо бүр өөр, өөрийн гэсэн ажлын чиг үүрэгтэй, бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Спортын наадмыг зохион байгуулахад Биеийн тамир улсын спортын хорооноос бидэнд арга зүйн заавар зөвлөгөөг өгч байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх нар аймаг орон нутагтаа зохион байгуулж буй үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллаж байна. Ер нь аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн оролцоо нийгмийн хариуцлагын хүрээнд өндөр байдаг. Уурхайчдын төлөөлөл болсон удирдлагуудад талархал илэрхийлье. Улсын хэмжээний хоёр том тэмцээн уралдааныг зохион байгуулахад шаардлагатай төсвийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлүүлж, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төсвийг тусгасан. Улсын хэмжээний томоохон спортын наадмыг зохион байгуулах, бэлтггэл ажлыг хангахад давхардсан тоогоор 170 гаруй төрийн албан хаагч болон сайн дурын ажилтан оролцож байна. Манай аймаг өвлийн спортын наадмын төрлүүдийг өмнө нь зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, коккейн төрлүүдээр 10 удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулж ирсэн. 2015 онд тэшүүрийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн, 2013,2015,2017,2020 онд Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан туршлагатай. ӨВЛИЙН СПОРТЫН НААДМЫГ ЗЭС, ОЮУ ӨНГӨӨР ТОДОРХОЙЛЛОО - Энэ жилийн өвлийн спортын наадмыг илэрхийлэх бэлгэдэл нь юу вэ? -Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлгэ тэмдэг нь хүчит арслан байдаг. Үүгээр Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг бэлгэдсэн бол Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын бэлгэдэл уламжлал ёсоор “ГАЛХҮҮ” байна. Хүүхдийн наадмын спортын наадмын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэл бөгөөд дараа дараагийн хүүхдийн спортын наадмын далбаа болж зохион байгуулах эрх авсан аймаг, хот, дүүрэгт шилжин явах онцлогтой юм. Наадмын бэлгэдэл “Галхүү”-г хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг билэгшээсэн. Наадмын бэлгэдлийг хүүхдүүдэд танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрлэсэн байдаг. Мөн Орхон аймаг, Эрдэнэт хотыг есөн эрдэнийн зэс, оюу өнгөөр тодорхойллоо. Шаргал өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг, цайвар цэнхэр өнгөөр мөсийг бэлгэдлээ. Хоёр наадмын уриа үг Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт. -Орон нутагтаа зохион байгуулсны давуу тал, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ? - Аймаг орон нутгаа сурталчлах том боломж юм. Хүүхэд, залуучуудын дунд биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, цаашлаад Орхон аймаг, Эрдэнэт хотод шилжин амьдрах иргэдийн сонирхлыг татах гэх мэтчилэн олон үр дүнг нэрлэж болно. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Орхон аймагт хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэхүү тэмцээн, уралдаанаар дамжуулан Орхон аймагт шинээр ирж, шилжин суурьших иргэдийн сонирхлыг нэмэгдүүлэх томоохон зорилго бидэнд бий. Өвлийн спортын наадамд оролцож, үзэж сонирхохоор ирсэн тамирчид, зочид төлөөлөгчдөөс Орхон аймаг, Эрдэнэт хотод шилжин ирж суурьших сонголт хийхийг үгүйсгэхгүй юм. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ эдийн засгийг сэргээх, орлого бодитоор нэмэгдэнэ гэж харж байгаа. Өвлийн спортын наадмын өдрүүдэд Орхон аймагт тамирчид, дасгалжуулагчид, зочид төлөөлөгчид нийлсэн 2300-2600 орчим хүн ирэх тооцоолол бий. Тэр хэрээрээ манай аймаг хөлтэй байна. Энэ бүхэнд манай үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагууд бэлэн байж, бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахад анхаарах хэрэгтэй юм. Гол нь чанартай, эрүүл бүтээгдэхүүн байх ёстой. ТАМИРЧИД ЭРДЭНЭТ ХОТТОЙ ТАНИЛЦАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ГАРГАСАН -Тамирчдад зориулсан тусгай хөтөлбөр бий юу? -Олон сар, өдрөөр тэмцээндээ бэлдэн оролцож байгаа тамирчдын сэтггэл зүй нь өндөр ачаалласан байдаг. Тиймээс бид баг тамирчдад чөлөөт цагаараа хөнгөлөлттэй үнээр кино үзэх, аймгийн Хүүхэлдэйн театрт жүжиг үзэх, “Эрдэнэт” үйлдвэрийн виртуал цахим музейг үзэж сонирхох боломжийг олгоно. Мөн Орхон аймаг, Эрдэнэт хоттой танилцах аялалын хөтөлбөр гаргасан. Дээр хэлсэнчлэн аймаг, дүүргүүд өөрсдийн санхүүгийн нөөц, боломжид тулгуурлан зохион байгуулалтаа хийж, баг тамирчдаа үзүүлэх юм. -Орхон аймаг “Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-тэй. Хөтөлбөртэй болсноор өвлийн спортоор хичээллэх хүүхэд, залуусын сонирхол хэр нэмэгдэв. Үр дүн ямар байна вэ? -2020 онд уг хөтөлбөрийг боловсруулж аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулснаас хойш олон өөрчлөлт гарсан. Тухайлбал, секц дугуйлангуудын төрөл, тоо нэмэгдэж, гүйлтийн цана, дугуйт цана, мөсөн шагай, мөсний сур, хоккейн спортын таван төрлөөр 280 гаруй тамирчин хичээллэж байна. Тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор төрөлжсөн сургалттай спортын дунд сургуульд жил бүр цана, тэшүүрийн тамирчдын элсэлт авсан. Спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүйн одод” сургууль 2012 оноос цанын анги нээж, 100 гаруй сурагч төгссөн. Төгссөн сурагчдаас ОУХМ 2, спортын мастер 13, дэд мастер 1 байна. Улсын шигшээ багт гүйлтийн цанын төрөлд 4, биатлоны төрөлд 4 тамирчин нийт 8 тамирчин багтаж байна. Биеийн тамир спортын газрын цанын дугуйланд зургаан сурагч суралцаж байна гэхчлэн олон бодит үр дүн байна. -Ярилцсанд баярлалаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     74    0