СЭЛЭНГЭ:Сонгодог дуурийн анхны тавилт хөдөөгийн чуулгын тайзнаа анх удаа тоглогдоно

Хөдөөгийн суманд сонгодог шилдэг бүтээл болох дуурь тавигдаж байгаа анхны тохиолдол Сэлэнгэ аймгийн Мандал суманд болох гэж байна. “Мөнгөн Хараа” ДБЧ-ын уран бүтээлчид энэхүү дууриа энэ сарын 28-ны өдөр сум орон нутгийнхаа ард иргэдэд ганцхан удаа толилуулах товыг гаргасан байна. “Ганц цагаан шувуу” моно дуурийн хөгжмийн зохиол нь Монгол Улсын засгийн газраас тодруулдаг хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлээр шалгарчээ. Энэхүү моно буюу суурь реалист дуурь нь 1 дуучин 50 минутын туршид ганцаараа дуулж, бусад уран бүтээлчид оролцдогоороо онцлогтой төрөл аж. Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр, МУАХ-ноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн "шилдэг бүтээл-шилдэг уран бүтээлч" төв, орон нутгийн мэргэжлийн чуулгуудын уралдаант наадамд Сэлэнгэ аймгийн Мандал сумын АДБ-ийн “Мөнгөн Хараа” чуулгын уран бүтээлчид амжилттай оролцжээ. Тус наадамд “Мөнгөн Хараа” ДБЧ чуулга нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дууриар оролцсон байна. Ингээд “шилдэг хөгжмийн зохиолч” номинацид хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтэнгэрэл дэд байрт, “шилдэг зураач” номинацид МУСТА зураач Б.Мөнхбат дэд байрт, “шилдэг гоцлол дуучин” номинацид “Мөнгөн Хараа” чуулгын гоцлол дуучин, уран сайхны удирдаач, МУСТА Л.Мөнхнаран нар тус тус шалгарч авьяас билгээрээ тодорчээ. Тус наадам нь энэ сарын 11-16-ны өдрүүдэд нийслэл хотноо болж, нийт мэргэжлийн 8 чуулгын 400 гаруй уран бүтээлчид оролцож, 10 номинацид авъяас, ур чадвараараа хүч сорин өрсөлдсөн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     49    0