Герман, Японд 1:2-оор хожигдож, Испани, Коста-Рикаг 7:0-ээр бут ниргэв

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий 4 дэх өдрийн эхний тулаан Эль- Баяат цэнгэлдэхэд Хорват, Морокко улсын шигшээ багуудын хооронд өрнөж тэдний тоглолт 0:0 гэсэн тэнцээгээр өндөрлөв. Тус 2 баг тоглолтынхоо ихэнх цагийг талбайн төвд өрнөсөн бөгөөд харилцан аюултай довтолгоо хийж байсан ч гоол аль нь ч оруулж чадсангүй цаг дууссан юм. Энэ өдрийн дараагийн тулаан “Халифа Интернейшнл” цэнгэлдэх хүрээлэнд Германы шигшээ, Японы шигшээ багтай хийсэн тоглолтод Герман машин хаалгандаа 2 гоол алдаж хэсгийн тоглолтоо ялагдлаар эхлүүлж хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов. Дэлхийн 4 удаагийн аварга германчууд өмнөх ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй алдаагаа давтаж болзошгүй нөхцлийн эхлэл ийнхүү бий болсноор хасагдах шатанд шалгарах эсэх нь эргэлзээтэй болов. Эхний үед Германы тоглогч Илкай Гюндоган торгуулийн цохилтоор гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан ч Серж Гнабри, Жамал Мусиала нарт гоол оруулах сайхан боломжоо алдсан. Харин хоёрдугаар үед Рицү Доан, Такүма Асано нар гоол оруулан Японы шигшээ баг 2:1-ээр ялалт байгуулав. Тоглолтын дараа Японы дасгалжуулагч Хажимэ Морияасү: “Түүхэн мөч, түүхт ялалт гэдэгт би итгэж байна. Японы хөлбөмбөгийг хөгжиж байна гэвэл бүтээн байгуулалтыг нь бид хийж байна. Тоглолтын эхнээс бид шахсанн. Герман ч сайн шахаж байв. Бид ухаалаг, тууштай тоглож, тэд ч сайн тоглосон” гэв. Харин Германы дасгалжуулагч Ханси Флик: “Тэг оноотой энэ ялагдал биднийг дарамтад орууллаа. Өөр хэлэх үг алга. Бид зөвхөн өөрсдийгөө буруутгаж байна. Эхний хагаст зөв тоглож, 78 хувьтай бөмбөг эзэмшиж, 1:0-ээр хожиж байв. Харин сүүлийн үед сайхан боломжууд гаргасан ч ашиглаж чадсангүй. Япон энэ удаа үр дүнтэй тоглож чадлаа. Бид ДАШТ-д хэзээ ч гаргаж болохгүй алдаануудыг гаргалаа. Үүнийг бид сайжруулах хэрэгтэй” хэмээв. Тоглолтын шилдгээр Японы хаалгач Шүичи Гонда тодорчээ. Эр-Райян хотын Ахмед бин Али цэнгэлдэхэд Канад анхны ДАШТ-ий анхны тоглолтод тун сайн тоглосон ч Бельгийн шигшээд 0:1-ээр хожигдлоо. Канадын шигшээ багт тоглолт эхлээд удаагүй байхад торгуулийн цохилтоос гоол оруулах сайхан боломж гарсан ч Алфонсо Дэвис алдаж орхисон юм. Бельгийн Тибо Куртуа ч сайн хамгаалж чадсан. Канадчууд 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны дэд байрт яваа багийг дарамталж тоглосон ч 44 дэх минутад Бельгийн Миши Батшуай гоолдож, багтаа ялалтын гоолыг авчирсан юм. Тус тоглолтын шилдгээр Бельгийн Кевин де Брюйне тодорчээ. Сүүлийн тоглолт Эль-Тумама цэнгэлдэхэд Испанийн шигшээ баг, Коста Рика улсын шигшээ багийг 7:0-ээр илт илүүрхэн хожиж ёстой л бут ниргэлээ. Испанийн шигшээгээс Дани Олмо, Марко Асенсио, Ферран Торрес, Гави, Карлос Солер, Алвара Мората гэсэн 6 тоглогч Коста Рикагийн хаалганд гоол орууллаа.18 нас, 110 хоногтой Гави Испанийг төлөөлөн ДАШТ-д оролцсон хамгийн залуу тамирчин болж байгаа юм. Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис Энрике: “Өнөөдөр бидний хувьд онцгой өдөр тохиолоо. Тэмцээний нээлт бидэнд үргэлж хэцүү байдаг. Харин энэ удаа сайн байж чухал ялалт байгууллаа. Испанийн шигшээд гоол оруулах олон тоглогч байгаагаа харууллаа” гэсэн юм. Коста Рикагийн дасгалжуулагч Луис Фернандо Суарез: “Тэд тоглолтын туршид бөмбөг эзэмшлээ. Бид үүнийг нь ч мэдэж байсан. Бид бөмбөг эзэмшиж, довтолж чадсангүй. Тэд гайхалтай тоглож бид юу ч хийж чадсангүй” гэлээ. Уг тоглолтын шилдгээр Гави тодорсон.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     54    0