ЗАВХАН: Судалгааны үр дүнд мэдээллийн сан үүснэ

Завхан: Тус аймгийн 34 мянга гаруй хүүхэд, залуучууд боловсролын үйлчилгээнд хамрагдалтын судалгаанд хамрагдана. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д Хүний хөгжлийн хүрэх гол үр дүнгээ “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлсэн тэгш хамруулах тогтолцооны шинэчлэл байна” гэж тодорхойлсон. Тэгвэл энэ үр дүнд хүрэхийн тулд боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх. Хүүхэд, залуучууд бүрийг боловсролд тэгш хамруулах, сургалтын байгууллагын санхүүжилтийг суралцагч нэг бүрийг амжилттай суралцахад чиглүүлнэ гэж хөгжлийн бодлогодоо заасан байгаа. Гэвч өнөөдөр хүүхэд бүр боловсролын үйлчилгээг зохих түвшинд авч чадахгүй, сургууль завсардсан. Эсвэл сургуульд огт ороогүй хүүхдүүд байсаар байна. Тиймээс Монгол Улсын 0-24 насны хүүхэд, залуучуудын боловсролын үйлчилгээнд хамрагдалтын байдал, боловсролын үйлчилгээнээс гадуур байгаа шалтгааныг боловсролын түвшин бүрээр илрүүлэх. Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс санаачлан “Монголын боловсрол өнөөдөр” үндэсний нэгдсэн судалгааны ажлыг эхлүүлээд байгаа. Судалгааны платформ нь онлайн болон офлайн хэлбэрээр компьютер, гар утас, таблет дээр суурилсан байх ба 12-р сард багтаан дуусгах юм. “0-24 насны хүүхэд, залуучуудын боловсролд хамрагдалт-2022” судалгаанд Монгол улсын нийт 920,165 өрх хамрагдах ба өрхийн мэдээлэл цуглуулах нийт 4600 мэдээлэл цуглуулагч ажиллах юм. Судалгааг хийх 21 аймаг, 9 дүүргийн үндэсний сургагч-судлаачид Улаанбаатар хотод бэлтгэгдсэн. Завхан аймгийн тухайд “Завхан аймгийн 0-24 насны хүүхэд, залуучуудын боловсролын үйлчилгээнд хамрагдалтын байдал-2022” нэртэй судалгааг хийх, сургагч багш нараа бэлтгэсэн. Судалгааны орон нутгийн нэгж дээр ажиллах судлаачдыг бэлтгэх, чадавхжуулах сургалтыг Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнтэй хамтран Улиастайд зохион байгуулаад байна. Аймгийн 24 сумаас ирсэн 108 төрийн албан хаагч чадавхжуулах сургалтад хамрагдлаа гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн мэдээлэв. Энэхүү судалгааг өрхийн мэдээлэлд суурилан хийнэ. Судалгаанд аймгийн нийт 21.616 өрх хамрагдах бөгөөд, 0-24 насны 34.370 хүүхэд, залуучууд хамрагдана. Судалгааны үр дүнд, 0-24 насны хүүхэд, залуучуудын боловсролд хамрагдалт болон боловсролын үйлчилгээний гадуур байгаа шалтгааны талаарх мэдээллийн сан үүснэ. Цаашдын судалгаа, хөгжлийн төлөвлөлтөд ч ашиглах боломж бүрдэх юм гэж нэмж дуулгалаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     47    0