ӨМНӨГОВЬ: Усжуулалтын хоёрдугаар аян амжилттай хэрэгжиж байна

Өмнөговь : Говь нутаг тэр дундаа Өмнөговь аймаг усны нөөц багатай бүс нутаг. Энэ утгаараа хөдөө аж ахуйн салбарт тулгамддаг асуудал бол бэлчээрийн мал аж ахуйн усалгаа болон малчдын ундны усны хэрэгцээ дутмаг байдаг явдал юм. Аймгийн хэмжээнд уст цэгийн түвшин доошилж гүний усны түвшин 132 метрт хүрчээ. Тиймээс 2020 оноос эхлэн Усжуулалтын хоёрдугаар аяныг зарлан төлөвлөгөөт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ он гарсаар орон нутгийн хөрөнгө оруулалтаар 15 сумын хэмжээнд инженерийн хийцтэй 30 худаг, нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр, нэмэлтээр 2 худаг шинээр гаргаж, 540 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулаад байна. Шинээр худаг гаргаснаар 118 өрхийн 58,4 мянган толгой малыг хямд зардлаар услах боломжийг бүрдүүлсэн юм. Нэг айл дунджаар жилд 1-3,3 сая төгрөгийн өртгөөр малаа усалдаг байсныг хөнгөвчилж чаджээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүрмэн, Номгон, Баяндалай зэрэг сумын отрын бүс нутагт 98,7 сая төгрөгийн хөрөнгөөр 4,5 мянган га бэлчээрийн газрыг шинээр усжуулах ажил хийж байна. Түүнчлэн улсын хөрөнгө оруулалтаар 52 цэгт 63,7 сая төгрөгөөр газрын доорх усны хайгуулын ажлыг хийжээ. Уст цэгийн зөвлөмж хариу нь энэ ондоо багтан гарах юм. “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр 15 суманд инженерийн хийцтэй 60 худаг гарах ажлыг одоогоор хийж байна. Энэхүү ажлыг багцаар хуваажээ. 1,2 дахь багц буюу баруун талын сумдын ажлын явц 80 гаруй хувьтай. Төвийн бүсийн багцын ажлын явц нь 40 хувьтай явагдаж байгаа юм. Харин зүүн талын багц нь дахиж тендер зарлагдаж дараагийн компани шалгаран ирэх оны 7 сард хүлээлгэж өгөхөөр ажлаа эхэлжээ. Тус ажилд 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдсэн байна. Түүнчлэн малчид иргэдийн оролцоотойгоор 26 худгийг шинээр гаргажээ. Ирэх онд сэргээн засварлах ажлуудыг түлхүү хийхээс гадна малчдын гар худгийг жишиг болгох, чанар стандарт эрүүл ахуйн байдалд нь анхаарч ажиллах зорилттой байгаа аж. Өмнөх онд усжуулалтын ажил 58 хувьтай байсан бол энэ жил 60 гаруй хувьд хүрчээ. Шинээр гарч байгаа худгийн чанар стандартад хяналт шинжилгээ, мониторинг хийдэг багаж төхөөрөмжийг 49,5 сая төгрөгөөр авч, эхний худгуудын цооног дурандах, хэмжилт хийх зэрэг ажлуудыг эхлүүлжээ. Түүнчлэн нэг томоохон ажил бол 1964-1991 оны хооронд Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн газрын доорх усны ундаргын нөөц, шинээр гарсан худгуудын нэгдсэн мэдээллийг бүртгэлжүүлэн нууцын зэрэглэлтэй архивыг бий болгосон явдал юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     37    0