Монголчууд Мянганы суут хүн эзэн хаанаараа бахархаж байна

Өнөөдар Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр бүх нийтээрээ амран иргэн бүр Их эзэн Чингис хааны түүхэнд байгуулсан гавьяагаар бахархаж байна. Энэ түүхэн бахархлын өдөр бид зарим хүний сэтгэгдлийг сонслоо. Х.Энхтүвшин: Мянганы суут хүнээрээ бид бахархах учиртай Энэ өдөр иргэн Х.Энхтүвшинтэй уулзсан юм. Албан байгууллагын жолооч хийдэг тэрбээр, “Чингис хаан бол Мянганы суут хүн. Хүчээр бус эвийг яаж бий болгосон, яаж тархай бутархай байсан байдлыг эвлүүлж чадсан гэдэг өөрөө түүх юм. Тэрбээр хэлсэндээ хүрдэг, хийдэг маш шударга хүн байсан. Нөгөө талаар улстөрийг захирах тал дээр гарамгай хүн байсан. Энд хүчээр зангидах, хүчээр захирах гээд олон арга байдгийг дэлхийн түүхээс бид мэднэ. Тэгвэл Чингис хаан сэтгэлээр захирч, дайснаа өөрийн болгож байсан. Хэнийг айлган сүрдүүлж байгаагүй. Энэ бол эв нэгдлийн хамгийн дээд хүч гэдгийг дэлхийд гайхуулж байсан мундаг хүн. Энэ талаар өөрийнх нь “Хүний сэтгэлийг нь тат. Сэтгэлийг татаж чадсан байхад бие нь хаа холдох вэ” хэмээн хэлсэн үг бий шүү дээ. Энэ нь дээд хүч гэдгийг дэлхийд гайхуулж байсан мундаг хүн шүү дээ. Ийм эзэн дэлхийд цор ганц байснаар бид бахархах учиртай” гэсэн юм..Энэ үүднээс монголчууд бид өвөг дээдсээрээ бахархаж байна. Э.Хонгорзул: Бидэнд заяасан агуу хүний мэндэлсэн өдрөөр бахархаж байна Энэ өдөр бид мөн Хэнтий аймгийн Дадал сумын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Хонгорзултай холбогдож сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр хэлэхдээ, “Их эзэн хааныхаа мэндэлсэн энэ өдрийг Монгол бахархлын өдөр гэж хэлэхгүй байхын аргагүй. Энэ өдрийг монголчууд бид нийтээрээ амарч өнгөрүүлдэг, бас энэ өдөр иргэдийг төрийн дээд одонгоор шагнан урамшуулдаг. Яагаад энэ өдрийг заавал "Монгол бахархал"-ын өдөр гэж нэрлэсэн нь их учиртай гэж би боддог. Миний хамгийн их бахархдаг бас хамгийн их хүндэлдэг хүний мэндэлсэн өдөр зөвхөн миний ч гэлтгүй монгол хүн бүрийн байх. Яагаад гэвэл бидний гишгэж буй газар,амьсгалж буй агаар, хэдэн мянган жил ч сонссон уйдамгүй эх хэлийг минь бидэнд заяасан агуу нэгний мэндэлсэн өдөр. Би өөртөө баярладаг юм. Монгол хүн гээд хэлэхээр зүрхэнд минь бяцхааан омогшил төрж байдаг. Ийм сайхан нутаг, ийм сайхан хүмүүсийн халуун цус судсаар минь урсаж байгаа учраас өөрөөрөө бахархахгүй байхын арагагүй гэдэг бодол надад уяатай байдаг” гэсэн юм. Хойч үедээ түүхээ сайн мэдүүлэхэд түүхчдийн үүрэг чухал Хувиараа хөдөлмөр эрхлэгч Ц.Мөнхтунгалагтай уулзвал, “Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож, монгол хүн бүр л баярлан бахархаж байна. Их хаанаа, түүний бүтээсэн эх орныхоо үүх түүх, өв соёлоо хүндэтгэн өнөөдөр монгол дээл, хувцсаа өмсөн баярлаж байна. Би ажил, амралтын өдрүүдээрээ ном их уншдаг. Эзэн хаантай холбоотой хэлэхэд гадаадын зарим номонд Чингис хааныг дэлхийг донсолгож байсан, хаа сайгүй хана хэргэм босгоход хүрч байсан гээд дэлхийн улс орнуудын тухай уншихад бичсэн байдаг. Зарим талаар хэтэрхий өгүүлжээ хэмээн би хувьдаа боддог. Ер нь социализмын үед үзэл суртлаас болоод монголчууд бид ч эзэн хаанаа ил тод хэлж чаддаггүй, дотроо л залбиран шүтэж ирсэн. Энэ байдал нь ч түүхийг үнэн зөвөөр гаргаж ирэхэд хүндрэлтэй байсан байх. Тиймээс монголчууд бид, Монгол Улс хааныхаа ойг тэмдэглэхээс гадна хойч үе маань үүх түүхээ сайн мэдэж бахархаж байх нь чухал юм. Үүнд манай түүхчдийн үүрэг чухал” хэмээн санал бодлоо хуваалцлаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0