Бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг боллоо

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүгч, шүүхийн захиргааны албан тушаалтны төлөөлөл, зөвлөх мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгээс Шүүхийн захиргаанд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогыг боловсруулж, энэ хүрээндээ тус баримт бичгийн төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ шүүхийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, албан тушаалтан та бүхний санал, зөвлөмж, хамтын ажиллагаа нь Монгол Улсад явагдаж байгаа шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа болохыг цохон тэмдэглээд, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Тус хэлэлцүүлгээр ажлын хэсгийн гишүүдээс боловсруулсан бодлогын баримт бичгийн төслийн агуулга, бүтэц, зорилго, зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшнийг дэлгэрэнгүй танилцуулсан бол бодлогод холбогдох байгууллагуудаас төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, тухайн салбарын цахимжилтийн үйл явц байдлын талаар мэдээлэл хүргэж, мэдээллийн технологийн салбарын компаниуд тус бодлогыг хэрэгжүүлэх дэвшилтэд цахим технологийн шийдлүүдийг дэвшүүллээ. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон хууль сахиулах, бүх шатны шүүх, прокурорын байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, мэдээллийн технологийн компаниуд оролцсон нийт 48 байгууллагын 100 гаруй төлөөлөл уригдан оролцов.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     52    0