"ОПЕК+" газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй гэв

“ОПЕК+” буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 улс олборлолтоо өдөрт 500 мянган торхоор нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна гэх мэдээллийг Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман эрс үгүйсгэлээ. “ОПЕК+” ирэх сард болох уулзалтынхаа өмнө ямар нэгэн шийдвэрийн талаар хэлэлцээгүй. Олборлолтыг хоногт 2 сая торхоор бууруулах одоогийн төлөвлөгөөг ирэх оны сүүлч хүртэл хэрэгжүүлнэ. Хэрэв эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд олборлолтыг бууруулах цаашдын арга хэмжээ авах шаардлагатай бол бид үүнд үргэлж бэлэн байх болно" гэж сайд хэлсэн байна. АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн сайд Сухеил Аль Мазруи ч мөн тус улс 2023 оныг дуустал хүчинтэй хэрэгжих “ОПЕК+”-ийн хэлэлцээрийг өөрчлөх талаар ямар ч хэлэлцээнд оролцоогүй гэдгийг мэдэгджээ. “Саудын Араб болон “ОПЕК+”-ийн бусад орнууд 12 дугаар сарын 4-нд болох уулзалтынхаа үеэр газрын тосны олборлолтоо өдөрт 500 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэр гаргах боломжийг хэлэлцэж байна” гэж “Wall Street Journal” сонин урьд нь мэдээлсэн байна. АНЭУ, Кувейт, Алжир зэрэг орны Эрчим хүчний сайд нар дээрх мэдээлэлтэй холбогдуулан мягмар гарагт мэдэгдэл гаргаж, "ОПЕК+"-ийн хурлаар олборлолтыг нэмэгдүүлэх асуудал авч хэлэлцэхгүй гэдгээ нотолжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0