Аялал жуулчлалын 40 орчим хувь нь соёлын өвд тулгуурладаг

Дэлхийн аялал жуулчлалын 40 орчим хувь нь соёлын аялал жуулчлалд тулгуурладаг байна. Тодруулбал, аливаа улс оронд гадаадын жуулчид тухайн орны түүхийг сонирхож, соёл, урлагийн газрууд, соёлын биет болон биест бус өвүүдэд татагдан аялдаг гэсэн судалгаатай байна. Үүнээс гадна энд тухайн орны иргэдийн амьдрал ахуй, үндэсний онцлог, ялгарал, хоолны соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэл ч аялал жуулчлалд чухал нөлөөлдөг аж. Энэ талаар Соёлын яамнаас санаачлан зохион байгуулсан "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2022" форумын "Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоо" салбар хэлэлцүүлгээр хөндлөө. МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөс хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр дэлхий нийтийн аялал жуулчлалын судалгааг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан танилцуулсан юм. Тэрбээр, "Цар тахлаас өмнө дэлхий дахинд жил бүр 1.4 тэрбум хүн аялж, аялал жуулчлалын салбарын орлого 1.7 их наяд ам.долларт хүрч байсан”-ыг тодотгов. Дэлхийн аялал жуулчлалын салбарт: Ажил эрхэлж буй 10 хүн тутмын 1 нь ажиллаж, Дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, Дэлхийн нийт үйлчилгээний экспортын 30 хувийг эзэлж байна. Монголд ирж буй нийт жуулчдын 40 орчим хувь нь байгальд, 30 орчим хувь нь нүүдлийн соёлд татагддаг байна. Аялал жуулчлалын салбар дахь соёлын болон бусад салбарын нөлөөллийн талаар нэг жишээ татахад, БНСУ-д ”BTS” хамтлаг дотоодын эдийн засагт жилд 4.9 тэрбум ам.долларын орлогыг бүрдүүлж, ДНБ-ийн 0.3 хувийг дангаараа бүрдүүлж байжээ. Монгол Улсад хүрэлцэн ирж буй нийт жуулчдын 40 орчим хувь нь байгаль орчинд, 30 орчим хувь нь нүүдлийн соёлд татагдаж ирж байна гэсэн судалгааны үзүүлэлтийг МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хэлэлцүүлгийн үеэр мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     39    0