Ж.Сүхбаатар: Улаанбаатарт дөрвөн нүхэн гарц байгуулснаар түгжрэл 20 хувиар буурна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны дараагаар салбарын сайд нар хэлэлцсэн асуудал тус бүрээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцын талаар танилцуулав. Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлээс орон нутаг руу шилжих шилжилтийг дэмжсэн Засгийн газрын тогтоолыг гаргахаар тогтлоо. Энэхүү тогтоолд өөрийн санхүүжилтээр өөрсдийгөө авч явдаг 6 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг нийслэлээс шилжин ирж буй иргэдийг хүлээж авдаг болохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, тэдгээр аймаг, дүүрэг нь 10-20 орчим хувиар хүн амаа нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байна. Энэ нь захиргааны аргаар иргэдээ шахаж буй хэрэг биш. Төр үдэж гаргасан бол нөгөө талдаа угтан авдаг байх агуулга руу оруулж байна гэсэн үг. Угтан авах хүрээндээ шилжин очиж буй иргэдэд ипотекийн 3 хувийн зээлийг олгохоор, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр, дулаан цахилгааны төслүүдийг орон нутагтаа үйлдвэрлэсэн бол эхний 3 жилд 90 хувиар, дараагийн 3 жилд 50 хувиар тус тус татварын хөнгөлөлт үзүүлэхээр, бизнесээ шилжүүлсэн бол 1 хувийн зээлд хамруулах зэрэг шийдлийг ярилаа. Газрын тухай хууль УИХ-ын түвшинд багцаараа яригдаж буй. Хуулийн төсөлд газартай холбоотой асуудлуудыг тусгаж өгнө. Эдгээр ажлыг Аймгийн Засаг даргын орлого, улсын хэмжээнд дэд сайд нар төвлөрлийг сааруулахад манлайлж ажиллана. Ерөнхий удирдлагыг миний бие, Шадар сайд С.Амарсайхантай хамтран удирдлагаар хангаж ажиллах юм. Өмнө нь орон нутаг руу иргэдийг шилжүүлэх хүрээнд бүтэлтэй зүйл ярьдаггүй байсан. Одоогийн нөхцөлд Дархан хот 110 мянган хүн амтай, уг хот хүн амаа 20 хувиар нэмэх боломжтой. Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийг байгуулсан гэх мэтээр хот хөдөөгийн сэргээлтийг жигдээр явуулна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч энэ сарын сүүлчээр Хятадад айлчилна. Энэ үеэр Улаанбаатарыг дайрч өнгөрч буй төмөр замын доогуур нүхэн гарц байгуулах зээлийн хэлэлцээр байгуулна. Дөрвөн газарт нүхэн гарц байгуулснаар түгжрэл 20 хувиар буурна. Дашрамд хэлэхэд, Түгжрэлийг бууруулах үндэсний хороо тусгайлан хийж буй ажлын гүйцэтгэлээрээ танилцуулга хийнэ" гэлээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     48    0