Олборлох салбарын 873 компани эцсийн өмчлөгчөө ил тод болгожээ

“Олборлох үйлдвэрлэлийн салбарыг нээлттэй болгох нь” төсөл, хөтөлбөрийн дугуй ширээний хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд өнөөдөр боллоо. Манай улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга болон олон улсын Нээлттэй өмчлөл байгууллагаас дээрх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Зорилго нь эрдэс баялаг, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг ил тод болгох, ингэснээр олборлох салбарт үр ашигтай засаглалыг бэхжүүлэх юм гэдгийг хөтөлбөрийн Монгол талын зөвлөх эдийн засагч А.Батпүрэв тодотгож байна. Түүнээс өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар тодруулбал, “Олборлох салбарын үйл ажиллагааг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн хүрээнд компаниудын эцсийн өмчлөгчийн мэдээллийг байнга, ил тод болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах талаар саналаа хэлэлцэж байна гэв. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын Ажлын албаны нарийн бичгийн дарга Ш.Цолмон энэ талаар мэдээлэхдээ, “Ил тод байдлын талаар анх бид компаниудад асуумж илгээж, түүний дагуу ААН-үүдээс ирүүлсэн үйл ажиллагааны тайлан мэдээллийг аудиторуудтай хамтран ил тод болгож байсан. Тухайлбал, 2013 оны тайланд 250 компани, ААН хамрагдаж байснаас 215 нь тайлангаа ирүүлж байв. Үүнээс 122 компани нь хувийн мэдээллээ ил тод болгож байсан. Тухайн үед эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигч аль нь мөн эсэх гэдгийг хольж хутган ойлгож байснаас үүнийг буруу, зөрүүтэй аргачлал байна гэсэн маргаан гарч байсан. Тэгвэл 2019 оноос олборлох салбарын үйл ажиллагааны мэдээллийн бүртгэлийн албан маягт батлагдан, 2020 оноос холбогдох тогтоол тушаал гарснаар мэдээллийг ил тод болгох нь албан ёсны тодорхой болж ирсэн” гэв. Тэрбээр, 2019 онд 171 компани Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын нэгтгэл тайланд хамрагдаж байсныг тодотгов. Дараа нь жил нь үүнээс өмнө нь хамрагдаагүй байсантай нийлээд 291 ААН шинэ маягтаар мэдээллээ ирүүлж байжээ. 2020 онд 687 компани, 2021 онд 1592 компани тайлангаа гаргуулж өгөхөөс эцсийн өмчлөгчөө гаргах шаардлагын дагуу 873 нь энэ талын мэдээллээ ирүүлэн цахимаар тайлагнажээ. Энэ талаарх компани, ААН-үүдийн хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж буйг тэрбээр онцоллоо. Тодруулга: Эцсийн өмчлөгч гэдэг нь тухайн компанийн үйл ажиллагаанаас үр ашиг хүртэж буй эзэн аж. Манай улсын хууль эрх зүйд эцсийн өмчлөгчийг “...хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаар буюу эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, хуулийн этгээдийг болон түүнээс хийх аливаа хэлцэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчиж үр шим, ашиг орлогыг хүртэж буй хүнийг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     53    0