“Талын морьтон дайчид” үзэсгэлэнд 150 гаруй үзмэр дэлгэжээ

Монгол бахархлын өдөр, эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнг хамтран “Талын морьтон дайчид” үзэсгэлэнг энэ сарын 22-нд нээлээ. Үзэсгэлэн Чингис хааны хүндэтгэлийн хэсэг, Морьт цэргийн аяны хангалт, хувийн бэлтгэлийн нөөц болох зэр зэвсгийн түүхэн хөгжлийг илтгэх үзмэрүүд, Монголчуудын аж ахуй соёл, морины тоног хэрэгсэл, Орчин үеийн дижитал үзүүлэг гэсэн хэсгээс бүрдэж байна. Тус үзэсгэлэнд цэрэг дайчдын үнэнч нөхөр, байлдааны гол хэрэгсэл болсон агт морь, монгол цэргийн аяны хангалт, хувийн бэлтгэл нөөц болох нум, сум, ховд буюу саадагтай зэв сум, арьс шир, төмөрлөгөөр үйлдсэн хатуу, зөөлөн хуяг, дуулга, илд, сэлэм зэрэг олдворууд, уламжлалт Монгол ахуй, гэр, монгол авдар, ширээ, сандал, тулга, морины тоног хэрэгсэл болох эмээл, дөрөө, чөдөр, ногт, хазаар, амгай, бугуйл зэрэг 150 гаруй биет үзмэр, эд өлгийг дэглэн толилуулж буйгаараа онцлогтой. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын эзэнт гүрний үе буюу XIII-XIV зууны үед хамаарах цэрэг эрсийн агсамж хэрэглэлтэй холбогдох олдворыг үзэгчдэд анх удаа дэглэн үзүүлж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойгоос олдсон төмөр сэлэм, төмөр дөрөө, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань хар уулаас олдсон үйсэн хоромсого, сумын мөс, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Зүүн бэлээс олдсон шавар аяга, Булган аймгийн Хутаг-Өндөр Тахилтын голоос олдсон төмөр хайч, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дугуй цахираас олдсон нум, хоромсого, модон эмээл, Увс аймгийн Өмнөговь сумын Ёлын хэцийн эхээс олдсон нум, сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Хөгшин тээлийн балгасаас олдсон сөргөө, Яргайтаас олдсон (Харангуй Солбио) эсгий хуягны үлдэгдэл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голоос олдсон хүрэл толь зэрэг 32 ширхэг олдворыг дэлгэжээ. Тус үзэсгэлэнгээр өгүүлж буй түүхийг үзэгч хүүхэд залуус гар утсаараа QR код уншуулж мэдээлэл авах, VR дижитал технологийн төхөөрөмжөөр бодит мэдрэмжийг мэдрэх боломжтой. Үзэсгэлэнгийн нэг хэсэг нь Монгол цэргийн музейн байнгын боловсролын хөтөлбөрийг олон нийтэд танилцуулсан бөгөөд “Монгол тамга” боловсролын хөтөлбөр иргэд хүүхэд залуус эрт үеэс Монголчуудын хэрэглэж ирсэн тамгануудтай танилцан тэдгээрийг тушаал, шийдвэр, захидал, илгээмжүүд дээр хэрхэн хэрэглэж байсан талаар мэдэж аван Монгол цэргийн музейгээс бэлдсэн дардастай цаасан дээр өөрсдийн сонирхсон тамгаа даран дурсгал болгон үлдээх боломжтой юм. Үзэсгэлэн 2023 оны 1 дүгээр сарын 30-ныг хүртэл Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0