Ким Ё Жон НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг шүүмжилжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон Пёньяны сүүлд явуулсан тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг шүүмжилсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүдийг буруушаасан мэдэгдэл хийжээ. Ким Ё Жон АЗ-ийн гишүүдийг яаралтай хуралдсанаас нэг хоногийн дараа мягмар гарагт мэдэгдэл гаргасан байна. АНУ тэргүүтэй бусад гишүүн орнууд БНАСАУ-ын өнгөрсөн баасан гарагт явуулсан “Хвасон-17” пуужингийн туршилтыг НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл хэмээн тодорхойлоод, үүний хариуд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцжээ. Ким Ё Жоны мэдэгдэлд зөвлөлийн зарим гишүүн АНУ-ын санаачилгаар хамтарсан мэдэгдэл гаргасныг дурдаад, БНАСАУ-ын Засгийн газар үүнийг “бодлогогүй үйлдэл”, “улс төрийн ноцтой өдөөн хатгалга” хэмээн эрс зэмлэн буруушааж байгааг онцолжээ. Мөн ийм үйлдэл нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хямралын шинэ шатанд хүргэнэ гэдгийг хэлсэн байна. “Улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөрийгөө хамгаалах эрхээ эдэлж байгаа явдлыг гүтгэхийг бид огтхон ч тэвчихгүй, харин эцсийн мөч хүртэл хамгийн хатуу хариу арга хэмжээ авах болно. Хэрэв АНУ БНАСАУ-ын эсрэг бодлогоо үргэлжлүүлэн баримталбал Вашингтон илүү их хор хохирол дагуулах аюулгүй байдлын хямралтай нүүр тулна” гэж тэрбээр анхааруулжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     51    0