КАТАР-2022: Алдарт Аргентины шигшээ Саудын Арабын шигшээ багт 1:2-оор ялагдлаа

Саудын Арабын шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий хамгийн эхний санаанд оромгүй шуугианыг тарьж шилдгийн шилдэг Месси тэргүүтэй хүчирхэг Аргентины шигшээ багийг 2:1-ээр яллаа. Месси тоглолт эхлээд удаагүй байхад /10 дахь минут/ торгуулийн цохилтоос гоол оруулсан ч Салех Аль-Шехри хариуг нь /48 дахь минут/ барьсан юм. Угтаа Аргентин эхний үед дахин 3 гоол оруулсан ч бүгдээрээ отон тоглолт байв. Аль-Шехригийн гоолоос удалгүй Салем Аль Давсари /53 дахь минут/ гоолдож, Саудын Арабын тэргүүлж эхэлсэн юм. Үлдсэн хугацаанд аргентинчууд гоол оруулахыг ихээхэн хичээсэн боловч, Саудын арабчууд ямар ч боломж өгөлгүй байсаар цаг дууслаа. Аргентиныг хожиж чадсанд ихэд баярласан Саудын Арабын хаан лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, ард нийтээрээ ялалтаа өргөн тэмдэглэхээр боллоо. “Катар-2022” ДАШТ-ий анхны гоолгүй тоглолт Эр-Райян хотын “Эдьюкейшн сити” цэнгэлдэхэд Дани улсын шигшээ, Тунисийн шигшээгийн хооронд болж тэдний тулаан 0:0-ээр өндөрлөв. D хэсгийн энэ 2 баг эсрэг багийнхаа хаалга руу удаа дараалан аюултай довтолгоог хийсэн ч хаалгачид нь үнэхээр сайн хамгаалж байсан юм. Данийн дасгалжуулагч Каспер Хюмланд: “Тэд өөрсдөдөө гайхалтай уур амьсгал бүрдүүлжээ. Гэхдээ бид үүнд бэлэн байсан. Тунисийн фанатууд бидний тоглолтод нөлөөллөө гэж хэлж чадахгүй. бид үүнээс ч хэцүү нөхцөлд тоглож байсан. Бид хэзээ ч Тунистэй хийх тоглолт амар байх болно гээгүй. Харин ялах зорилготой байсан. Энэ тоглолтын үр дүн бидэнд чухал байв. Одоо байдал адармаатай боллоо. Хоёр баг нэг, нэг оноо авлаа. Одоо бидэнд 2 том багтай хийх тоглолт бий. Францын эсрэг тоглолтдоо анхаарлаа хандуулна” гэв. Тоглолтын дараа Тунисийн дасгалжуулагч Жалел Кадри: “Хөгжөөн дэмжигчид маань чухал гэдгийг бид мэдэж байсан. Энэ үргэлж бидэнд давуу байдлыг олгож, сэтгэл зүйн хувьд их дэм болдог. Тэд бидний тоглолтод нөлөөлдөг. Бид сайн тактик баримталж тоглолоо. Ингэснээр бид эн тэнцүү сайн тоглосон. Энэ тэмцээний хүчтэй багийн нэгтэй амжилттай тоглолоо. Тамирчдаа урамшуулмаар байна. Цаашдаа илүү сайн үр дүн хүртэх боломжуудыг ашиглах болно” гэлээ. Тоглолтын шилдгээр Тунисын Аисса Лайдоуни тодорчээ “Катар-2022” ДАШТ-ий С хэсгийн Мексик, Польшийн шигшээ багуудын тоглолт мөн л 0:0-ээр өндөрлөж, өмнө нь энэ 2 баг 8 удаа тааран тоглож, тус бүр 3 ялж, 2 тэнцсэн энэ удаа ч дахин тэнцлээ. Польшийн супер довтлогч Роберт Левандовски торгуулийн цохилтоо алдаж, хожих боломжоо алдсан. Түүнийг цохилтыг өнөөх л Мексикийн алдарт хаалгач Гилерме Очоа хаав. Энэ тоглолтод Мексикийн шигшээ баг илүү санаачлагатай, аюултай довтолгоо өрнүүлсөн ч гоол оруулж чадсангүй. Тоглолт ийнхүү эвийн гэрээгээр өндөрлөсөн юм. Тоглолтын шилдгээр Гилерме Очоа тодорсон. Өнгөрсөн шөнө дунд буюу Улаанбаатарын цагаар 03.00 цагаас Эль-Вакрагийн “Эль-Жануб” цэнгэлэдэхэд D хэсгийн Франц, Австралийн халз тулаанд Франц улсын шигшээ багийн ялалтаар /4:1/ өндөрлөв Дэлхийн аваргаа хамгаалахыг зорьж буй Францын шигшээ ийнхүү эхний тулаанаа ялалтаар эхлүүллээ. Тоглолт дөнгөж эхлээд Австралийн Грайг Гудвин гоолдож, аваргуудыг барьц алдуулсан юм. Францчууд хэсгээсээ шалгарч чаддаггүй гэх сонирхолтой уламжлалтай. Харин Франц довтолгоо амжилттай өрнөж, 4 гоол Австралийн хаалганд оруулсан юм. Тодруулбал, Оливье Жиру 2 гоол оруулж, Тьерри Анриг гүйцэн шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болжээ. Мөн Килиан Мбаппе, Адриен Рабиот нар гоол оруулсан бөгөөд тоглолтын шилдгээр Килиан Мбаппе тодорлоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0