Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм. Энэ үеэр Хотын дарга “Бид 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласнаар зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг чөлөөлөн тохижуулж, ногоон байгууламжийг үе шаттай нэмэн, иргэдэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна. 2023 оныг бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана. Бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжин, хөрөнгө оруулалтыг нэмж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна. Хэдий амаргүй цаг үед төсвийн төслөө өргөн барьж байгаа ч төсөв хэлэлцэхэд НЗДТГ, нийслэлийн харьяа агентлагууд идэвхтэй оролцоно. Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төсөл, бусад дагалдах тогтоолын төслийг хэлэлцэн, шийдэж өгнө үү” хэмээв. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улс орны төсөв хүндхэн байгаа үед нийслэл ч зардлаа танаж байгаа. НИТХ-аас холбогдох хууль тогтоомж, дэгийн хүрээнд зөвлөлдөн, Хотын даргын өргөн барьсан төслийг эрэмбэлэн, нийслэлчүүдтэйгээ хамт хэлэлцэнэ. Төсөв шүтэх бус, хөрөнгө оруулалтыг дэмжин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ажлын байр нэмэх чиглэлд анхааран ажиллах хэрэгтэй” гэлээ. Төсвийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор ИТХ-д өргөн мэдүүлэх ёстой. Харин ИТХ жил бүрийн 12 дугаар сарын 5-ны дотор төсвийн төслийг хэлэлцэн баталдаг юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     37    0