Монгол Улс олон улсын эрчим хүчний Хартын бага хурлыг даргалав

Монгол Улс Олон Улсын Эрчим хүчний Хартын энэ оны XXXIII бага хурлыг энэ сарын 22-нд цахимаар зохион байгуулж, даргаллаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлыг нээж, 45 улс, олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улс нь байгалийн баялаг арвин, эрчим хүчний экспортоор эдийн засгаа дэмжих боломжтой, газарзүйн байршлын хувьд эрчим хүчний хэрэглээ их орнуудын тогтвортой байдлыг байдлыг сайжруулахад дэмжихх боломжтой. Тус бүсийн орнууд харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг дэмжин, хил дамнасан цахилгаан дамжуулах шугам, хоолой, нүүрсний худалдаа зэрэг ашигт малтмал, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой”-г онцлов. Энэ удаагийн хурлаар эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэлийн талаар хэлэлцсэн бөгөөд бага хурлыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдаж, даргалсныг Эрчим хүчний яам мэдээллээ. Эрчим хүчний Хартын байгууллага нь эрчим хүчний салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, дамжуулан тээвэрлэлт, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад гишүүн орнуудын Засгийн газрыг дэмжих зорилготой олон улсын гэрээ юм. Гэрээнд 2022 оны байдлаар Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн улс, эрчим хүч экспортлогч, импортлогч, дамжуулан тээвэрлэгч 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 42 орон ажиглагчаар, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын 13 байгууллага ажиглагчаар оролцжээ. Монгол Улс 1998 онд Эрчим хүчний Хартын гэрээнд нэгдэн орж, өнгөрсөн хугацаанд 5 судалгаа, шинжилгээг хамтран хийгээд байгаа. Жил бүрийн эцэст Эрчим хүчний Хартын бага хурлаар тус гэрээний хэрэгжилттэй холбоотой аливаа шийдвэр, шинээр гишүүн элсүүлэх, эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тунхаг болон бусад холбогдох шийдвэрийг гаргадаг юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     36    0