БАЯН-ӨЛГИЙ: “Мэргэжил бүхэн сайхан” тэмцээнд Бастама сургуулийн баг тэргүүлэв

Баян-Өлгий : Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Мэргэжил бүхэн сайхан” дэвжээ тэмцээнийг Өлгий хотын Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгоход нь арга зүйн дэмжлэг үзүүлэх, авьяас, ур чадварыг нь хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой аж. Тэмцээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургууль болон Зайд, Бастама, Дарын, Цэнгэл, Буянт сумдын сургуулиудаас 8 багийн 72 сурагч оролцов. Оролцогчид өөрсдийн сонгон авсан мэргэжлийн онцлог, ач холбогдлын талаарх мэдлэг, мэдээллээ хуваалцаж, театрчилсан тоглолт үзүүлж авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Шүүгчдийн шийдвэрээр Өлгий сумын "Бастама" сургуулийн баг тэргүүн байрт шалгарч, шилжин явах цомын эзэн болов. Мөн Өлгий сумын ерөнхий боловсролын Зайд, Дарын сургуулийн багууд удаах байруудад шалгарлаа. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дээрх дэвжээ тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     52    0