ДУНДГОВЬ: Малчид "Өвөлжөө хаваржааны ашиглалтын журам"-тай болох санал дэвшүүлэв

Дундговь : Говь-Угтаал суманд малчдаа сонссон, мэдээлэл өгсөн, үйлчилгээ үзүүлсэн цогц үйл ажиллагааг зохион байгуулж, 4 багийн 80 гаруй малчин оролцжээ. Тус сумын ЗДТГ, аймгийн ХХААГ-тай хамтран “Малчдаа сонсьё” уулзалт зохион байгуулж, уулзалтаар төрийн байгууллагууд болон мэргэжилтнүүд үйл ажиллагаагаа тайлагнаж, тулгамдсан асуудлаар харилцан санал солилцсон аж. Малчдын зүгээс нутгийн хилийн цэс буруу тогтоогдож өвөлжөө нь өөр сумын нутагт орсны зөрчил гардаг, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг асуудлыг дурдаж, өвөлжөө хаваржааны ашиглалтын журамтай болох, малын тоо толгойг цөөлөх, ашиг шимийг сайжруулах, цаашид малчидтай хийх уулзалтад ИТХ-ын хурлын төлөөлөгчдийг хамт оролцуулах зэрэг санал гаргажээ. Энэ үеэр аймгийн төвөөс “Явуулын ахуй үйлчилгээ”-ний баг тус суманд очиж, үс засах, гутал засвар, гоо сайхан, маникюр зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ. Дундговь аймгийн Говь-Угтаал сум 280 малчин өрхийн 477 малчинтай. 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус сум 158,8 мянган мал тоолуулж, хавар 52,2 мянга гаруй төл хүлээн авчээ. Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар сумын засаг дарга Ө.Мөнх-Амгалангаас тодруулахад “энэ жил манай сумын хувьд зуншлага сайн байсан тул малчид отроор гадагшаа яваагүй, нутагтаа өвөлжиж байна. Одоогоор Өмнөговь аймгийн 8 өрх манай сумын нутагт оторлож байна” гэлээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     53    0