“Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” одонг Догмидын Сосорбарамд хүртээв

Япон Улсын Засгийн газрын гадаад иргэнд олгодог “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” одонг Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, найруулагч Догмидын Сосорбарам хүртлээ. Уг одонг Монгол, Японы харилцаа, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд соёл урлагаар дамжуулан үлэмж их хувь нэмэр оруулсан хэмээн олгожээ. Одон гардуулан ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан С.Хүрэлбаатар, Монгол Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан Р.Жигжид нар оролцжээ. Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши “Д.Сосорбарам Монгол Улсын Багшийн Их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд, Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр орж, тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн тэрбээр 1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэж байсан. Япон Улстай харилцах харилцааг чухалчилан, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Япон Монголын соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн ой болоод энэ онд тохиож буй дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд олон тоглолт, үйл ажиллагааг зохион байгуулж, дуу, бүжгээр дамжсан хоёр орны харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан хүн юм. Түүнчлэн японы соёлын талаарх өөрийн ойлголт, сонирхлыг Монголд түгээн дэлгэрүүлэх үйлсэд одоо ч хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Танд чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэхийн хамт цаашдын их ажил үйлст тань өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлэн одонг өргөмжлөлийн хамт гардуулан өгөв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     27    0