ЗАВХАН: Бэлчээрийн 70 орчим хувьд өвс ургамлын гарц муу байна

Завхан:Тус аймагт 2022-2023 оны өвөл, хавар отроор өвөлжих хүсэлтээ долоон сумын 218 малчин өрх гаргажээ. Аймгийн Цаг Уур орчны шинжилгээний газраас сум, багийн малын тоо, хадлан, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээллийг гаргасан. Энэ мэдээлэлд үндэслэн хийсэн судалгааны үр дүн, дүгнэлтээр аймгийн бэлчээр нутгийн 49 хувьд нь бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн байна. Харин 18 хувьд нь бэлчээрийн даац олон дахин хэтэрч бэлчээрийн 70 орчим хувьд өвс, ургамлын гарц муу байна. Тиймээс гадна аймагт отор нүүдэл хийх хүсэлтэй байгаа сумдаас ирүүлсэн хүсэлтийг нэгтгэн өрх, мал отроор өвөлжүүлэх саналыг холбогдох газруудад хүргүүлээд байгаа. Тухайлбал, Завхан аймгийн Засаг даргын 1/901 тоот албан бичгээр Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймагт отроор өвөлжих саналыг хүргүүллээ. Улсын тусгай хэрэгцээний буюу Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих хүсэлтийг долоон сум гаргаад байгаа. Тухайлбал, Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Яруу, Цэцэн-Уул, Сонгино, Дөрвөлжин зэрэг сумын 218 өрхийн 176114 толгой малын судалгааг урьдчилан авч, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд хүргүүлээд байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0