Автомашингүй өдөр спортын өдөрлөг, гүйлтийн тэмцээн болно

Ирэх ням гарагт автомашингүй өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн холбогдох газрын удирдлага, албаныхан мэдээлэл хийв. Хүрээлэн буй орчин болон нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тухайн өдрийг 2009 оноос хойш тэмдэглэж байна. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас энэ өдрийг тэмдэглээгүй бол энэ жил өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд буйг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг хариуцсан орлогч З.Төмөртөмөө хэллээ. “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор энэ сарын 25-нд зохион байгуулах автомашингүй өдөр Улаанбаатар хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм. Мөн өдөр Д.Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын үйл ажиллагаа, гүйлтийн тэмцээн, сонгодог дуурийн тоглолт болохоос гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулах юм. Автомашингүй өдөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд буюу Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат мэдээллээ. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс БНХАУ-ын ЭСЯ, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Энэ өдөр цахилгаан дугуйтай насанд хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг ТЦА-наас эцэг, эхчүүдэд анхаарууллаа. Цахилгаан дугуй нь эрхзүйн хувьд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, харин тусгай спортын талбай, ууланд зориулалтаар ашиглах учиртайг тодруулж байна. Мөн энэ өдөр замын хөдөлгөөн хаасан бүсэд тавьсан автомашиныг 77078200 дугаарт холбогдон ойр байрлах зогсоолд үнэ төлбөргүй шилжүүлэх боломжтойг хэллээ. Тодруулга: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0