БНСУ, Японы удирдагчид дээд хэмжээний уулзалт хийжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах замаар хоёр орны харилцааг сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн талаар Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ. АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болсон тэдний уулзалт нь 2019 оны 12 дугаар сараас хойших хоёр орны удирдагчдын анхны ганцаарчилсан уулзалт болсны зэрэгцээ түүхэн маргааны улмаас сэв суугаад буй хоёр талын харилцаа сайжрах найдвар төрүүлж байна. “Хоёр орны удирдагчид тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах замаар хоёр талын харилцааг сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, энэхүү зорилтын хүрээнд яриа хэлэлцээгээ түргэтгэхийг дипломатууддаа даалгахаар тохиролцлоо” гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ли Жэ Мён мэдээлжээ. Талууд мөн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрт, тэр дундаа саяхан баталсан цөмийн зэвсгийн тухай хууль болон цөмийн долоо дахь туршилтаа явуулах магадлалтай байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, хариу арга хэмжээ авах чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Ерөнхийлөгчийн ажлын алба “албан бус хэлэлцээ” гэж тодорхойлсон энэхүү уулзалт 30 минут үргэлжилжээ. Юн Сок Ёл, К.Фүмио нар энэ оны зургаадугаар сард Мадрид хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэд хэдэн удаа уулзсан боловч ганцаарчилсан уулзалт хийсэн анхны тохиолдол нь энэ болж байгаа юм. Ли Жэ Мёны мэдээлснээр, удирдагчид мөн либерал ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг хоёр орны нийтлэг үнэт зүйлсийг хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар тохиролцжээ. Мөн талууд харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээ амласан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     34    0