СЭЛЭНГЭ: Хугацаат цэргийн албан хаагчид Ойжуулагч мэргэжлийн гэрчилгээ гардан авчээ

Сэлэнгэ : Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 ангийн хугацаат цэргийн албан хаагчид Ойжуулагч мэргэжил эзэмшин, чадамжийн гэрчилгээ гардан авсан байна. Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус ангийн захиргаанаас хугацаат цэргийн албан хаагчдаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбар дахь ойжуулагч мэргэжлийн сургалтад хамруулжээ. Ингээд уг сургалтанд амжилттай суралцан төгссөн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээ баталгаажуулалтыг зохион байгуулсан байна. Тус үнэлгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Д.Болортуяа, үнэлгээний ажилтнаар Эрдэмтэн агрономич А.Оюунгэрэл, мэргэжлийн сургагч багш Н.Галбадрах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн агрономич Ж.Мөнхбаяр нар удирдлага арга зүйгээр ханган ажиллажээ. Ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй болж ирсэн Хилийн цэргийн 0101-р ангийн ахмадын хорооны дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Нямсүрэн энэ удаагийн сургалтыг хугацаат цэргийн албан хаагчдад зохион байгуулсан байна. Тус сургалтад хамрагдсан хугацаат цэргийн албан хаагчид ур чадвараа ийн үнэлүүлж байгаа аж. Үнэлгээ онол болон, ур чадварын сорилоор явагдсан бөгөөд онолын үнэлгээнд 70 хувиас дээш, ур чадварын үнэлгээнд 85 хувиас дээш үнэлэгдсэн тохиолдолд чадамжтай гэж үзэн чадамжийн гэрчилгээ олгожээ. Уг ойжуулагч мэргэжлийн сургалтыг цаашдаа тогтмол явуулж, хугацаат цэргийн албан хаагчдыг нэг жилийн хугацаанд давхар мэргэжилтэй болгож, ур чадварыг нь үнэлүүлэн чадамжийн гэрчилгээ олгох ажлыг хил хамгаалах байгууллагаас онцгойлон анхаарч ажиллах юм байна. Хилийн цэргийн 0101 ангийн Түрүүч Ч.Мянганбаяр Хугацаат цэргийн алба хаах хугацаандаа ойжуулагч мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр:”-Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас 2021 оны 2-р ээлжээр хугацаат цэргин алба хаахаар ХЦ-ийн 0101-р ангид ирсэн. Энэ хугацаанд би Ойжуулагч гэдэг мэргэжлийг эзэмшиж, чадамжийн гэрчилгээ хүлээн авсандаа баяртай байна” хэмээв. Тус анги нь “Тавт” мод үржүүлгийн агропарк байгуулаад байгаа. Энэхүү паркынхаа 1.5 га газарт ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдсан хугацаат цэргийн албан хаагчид болон, ангийн нийт бүрэлдэхүүн мод тарьсан байна. Тэд нарс 90000ш, бургас 75000ш, улиас 45000 ш, мөн агч, хайлаас, буйлс зэргийг үрийн тариалалтаар тус тус тарьж бойжуулжээ. Мөн бусад агропарк болон, хил хамгаалах байгууллагын ангиудад модны үр, харандаан суулгац зэргийг бэлтгэн нийлүүлжээ. Цаашдаа Хил хамгаалах байгууллагын зүгээс санаачлан зохион байгуулж буй “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд тус агропарк нь ирэх 2023 оноос тал хээрийн бүсийн хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, байгалийн гамшигт үзэгдэл, цас, бороо, шороон шуурга, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор бусад хил хамгаалах байгууллага, говь хээрийн агропаркуудад модны үр, тариа, харандаан суулгац зэргийг бэлтгэн нийлүүлэх зорилго тавьжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     28    0