Турк, Саудын Арабын харилцаанд шинэ эрин үеийг эхлүүлэхээр тохиролцов

Турк, Саудын Арабын эрх баригчид хоёр орны харилцаанд хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэхээр тохиролцлоо. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бен Сальман Аль Сауд нарын лхагва гарагт Анкарад хийсэн хэлэлцээний дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. "Хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны олон талын асуудлыг хэлэлцлээ. Хоёр улсын удирдагчид улс төр, эдийн засаг, цэрэг арми, батлан хамгаалах, соёлын зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэхээр зорьж буйгаа хамгийн ихээр онцоллоо. Талууд эрчим хүчний салбарт, тэр дундаа нефть-хими, газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв" гэж мэдэгдэлд дурдсан байна. Р.Эрдоган Саудын Арабад 2017 оноос хойших анхны албан ёсны айлчлалаа энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр хийсэн юм. Тэрбээр айлчлалаа Анкара, Эр-Риядын харилцаанд шинэ үеийг эхлүүлж байна гэж дүгнэсэн. 2018 онд сэтгүүлч Жамаль Хашогги Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт амиа алдсаны дараа хоёр улсын харилцаа эрс муудсан билээ. Саудын Арабын эрх баригчид Анкараг эрүүгийн хэргийг улстөржүүлж, бусад улсыг татан оролцуулахыг оролдсон гэж буруутгажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     42    0