Эверестийн баазыг нүүлгэнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийн мөсөн голууд хайлж, уулчдын аюулгүй байдал хөндөгдөх болсон. Уулчид амарч хоноглодог гол бааз нь улам нимгэрсээр буй Хумбу мөсөн голийн дээр байрладаг. Энд жилдээ 1500 орчим уулчин тогтмол ирдэг байна. Эверестийн оргилд гарахын тулд уулчид хоёр эхлэлийн цэгийн аль нэгийг заавал дайран өнгөрөх ёстой. Хумбу мөсөн голийн орой дээр байрлаж буй бааз нь тус хоёр цэгийн нэг юм. Мөсөн гол сүүлийн үед хурдацтай хайлж, нимгэрэх болсон тул суурь баазыг уулнаас доош буулгаж, нүүлгэхээр бэлтгэж байна. Суурь бааз нь 5364 метрийн өндөрт байрладаг. Төлөвлөгөөний дагуу үүнийг 400 метрээр доошлуулж, мөсгүй газарт байрлуулах аж. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй бөгөөд шинэ баазын байршлыг ч тогтоогоогүй байгаа гэдгийг Балбын эрх баригчид мэдэгдэв. Төлөвлөгөөг эцэслэн шийдсэнээр 2024 он гэхэд нүүлгэн шилжүүлэлтийг хийх боломжтой. “Бид нүүлгэн шилжүүлэх ажилд бэлтгэж байна. Энэ нь уулын бизнесийн тогтвортой байдалд зайлшгүй шаардлагатай өөрчлөлт юм” гэж Балбын аялал жуулчлалын газрын дарга Таранат Адхикари хэлжээ. Эверестийн ууланд авирах үйл явцыг хянадаг хорооны зөвлөмжийн дагуу уг нүүлгэн шилжүүлэлтийг хийнэ. Хумбу мөсөн гол жилд 1 метрээр сийрэгжиж байгааг 2018 оны судалгаагаар тогтоожээ. Дэлхийн дулаарлаас гадна баазад байрласан уулчдын биологийн шингэн, керосин болон бусад хаягдал ч бас мөсөн голд нөлөөлж буй юм. Аялал жуулчлалын оргил үеэр жуулчид өдөрт 4000 литр хөнгөнөөр бие засдаг гэж үзжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0