“Өөр салбарын асуудлыг надад тохох шаардлагагүй”

-Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчийн ходоод нь задарч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Танай яамны зүгээс энэ асуудалд анхаарлаа хэр хандуулж байна вэ? -Харъяалал нь Хууль зүй, дотоод хэргийн сайдынх. -Сүүлийн жилүүдэд долоон цэрэг амь насаа алдсан гэсэн мэдээлэл ХЭҮК-ын тайланд дурдагдсан байна лээ. Цэргийн ангид дэглэлт, хүчирхийлэл амь бөхтэй байсаар байгаа шалтгаан юу вэ. Эх орны нэрээр цэргийн албанд дуудаж авчраад, эцэст нь амьгүй цогцос буцаагаад өгч буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ? -2021 оноос манай салбарт дээрх асуудал гараагүй. Тэр чинь сүүлийн арван жилийн тайлан байна лээ. Дотоодын цэргийн алба хаагчийн амь нас эрүүл мэнд гэнэтийн зүйлээс болоод эндсэн асуудал гарсан. Системийн хувьд өөр салбар л даа. Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-ын байгууллагын харъяа шүү дээ. Зэвсэгт хүчний салбар дээрх чиглэлээр тууштай арга хэмжээ авч байгаа. Сүүлийн нэг жилд цэргийн албан хаагч дэглэлтэд юм уу эсвэл, дарамт шахалтад орж эрүүл мэнд амь насаараа хохирсон асуудал гараагүй. Энэ чиглэлээр ХЭҮК-той албан ёсоор гэрээ байгуулж хамтран ажиллаж байна. УИХ-ын дэргэдэх Хүний эрхийн хороо бол парламентын дэргэдэх хүний эрхтэй холбоотой хамгийн чухал байгууллага. Хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй нөхцөл, амьдарч буй хангамж бүх л асуудалд “эргэлт “хийж, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар ахлуулсан ажлын хэсэг салбарын хэмжээнд өдөр тутам ажиллаж байна. Өнгөрсөн жилээс эхлэн Зэвсэгт хүчнийг нээлттэй болгох талаас нь нэлээд ажлыг хийж байна. -Цэргийн ангиудыг бүхэлд нь хянаж чаддаг уу. Дэглэлт, яргалал байхгүй гэдэгт та итгэлтэй байгаа болохоор асууж байна? -Цэргийн ангиудад дөрвөн оронтой утас 24 цагаар ажиллуулж байна. 24 цагийн хугацаанд эцэг эхчүүдээс нь санал хүсэлт авч байна. Бүх анги салбарын байрыг камержуулсан. Хугацаат цэргийн алба хаагч чөлөөт цагаараа болон бэлтгэл, сургалтын үеэр юу хийдэг болохыг хянаж байна. Мөн хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой сэтгэл зүйч, хуульчдыг тусгайлан бэлтгэж, хуульч, сэтгэл зүйчдээр хангалаа. Системийн онцлогтой холбоотой шинэчлэл маш их хийж байна. Зөв ялгаж салгаж ойлгох ёстой. 2020,2021 онд энэ чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Хугацаат цэргийн алба хаагчдын хугацаанд шинэчлэл хийж буй. Зэвсэгт хүчин жилд нэг л удаа цэрэг татлага авч байна. Хилийн цэрэг жилд хоёр татлага авдаг. Хугацаат цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчинд алба хаахдаа намар цэрэг татлагаар ирээд, намар халагдаж байгаа. Тэр дотор сарын ялгаа байхгүй. Сургалт бэлтгэл тэгш явагдана. Бүтэн жилийн туршид хугацаад цэргийн алба хаагч жигд ачаалал, сургалт бэлтгэлийн үр дүнтэйгээр алба хаана. Хуучин хаврын цэрэг өөр байсан. -Иргэдийн зүгээс цэргийн албанд эрүүл саруул хүүгээ мордуулсан ч амь насаараа хохирдог байдлыг таслан зогсоох тухай ярьж байна. Цаашид хүний амь эрсдүүлэхгүйн тулд ямар байдлаар хяналт тавьж ажиллаж байна вэ? -Энэ чиглэлээр бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үр дүн гарч байна. Хоёр жил шахуу хугацаанд Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудал гараагүй. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буй учраас үр дүн гарч байна гэж үзэж байна. Бололцоотой бүхий л арга хэмжээг бид авч байна. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт байхгүй байгаа асуудал, ажлын ахиц дэвшлийг заавал харлуулах байдлаар манай салбар, над руу тохох шаардлага байхгүй. Би энэ салбарт алдаа гарсан бол хэлнэ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0