Төмөр замаар орж ирсэн автомашиныг Замын-Үүд, Сайншандад олгоно

Ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдсан импортын чингэлгийг түргэн шуурхай татан авч ирэх ажлыг ЗТХЯ болон “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран эрчимтэй зохион байгуулж байна. Эрээн-Замын-Үүд боомтоор төмөр замаар тээвэрлэн импортоор ирсэн чингэлгүүдийг буулгах гаалийн хяналтын талбай дүүрч буулгалтын ажил удааширч байна. 2022 оны зургадугаар сарын 21-ний байдлаар Улаанбаатар, Толгойт, Амгалангийн гаалийн хяналтын терминалууд дээр ачаатай болон хоосон бүгд 3124 чингэлэг хуримтлагдаад байна. Үүнээс гадна УБТЗ-ын өртөөд болон зам зуурт нийт 1250 ширхэг 40 тонны импортын ачаатай чингэлэг талбайд буухаар хүлээгдэн зогсч байна. Энэ нь төмөр замын өртөөдийн галт тэрэг хүлээн авах, явуулах замуудыг эзлэн зогсч тээврийн ажилд хүндрэл учруулж байгаа юм. Дээрх хүндрэлийг арилгахын тулд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Гаалийн Ерөнхий Газар болон Тээвэр зуучийн байгууллагуудтай хамтран импортын чингэлгийг ачаа хүлээн авагчдад шуурхай олгох, хоосон чингэлгийг түргэн буцаах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал Улаанбаатар, Толгойт, Амгалангийн чингэлгийн терминалуудын ачааллыг багасгах, ачаа хүлээн авагчдад чингэлэг олголтыг шуурхай болгох, тээврийн зардлыг багасгах, төмөр замын өртөөдийн ачааллыг бууруулах зорилгоор импортоор орж ирсэн чингэлэгтэй автомашиныг УБТЗ-ын харьяа Замын-Үүдийн терминалууд болон Сайншанд өртөөн дэх “Зүүн говь ложистик” ХХК-ийн терминал дээр олгох ажлыг зохион байгуулахаар боллоо. Замын-Үүдэд олголт хийх ажлыг зохион байгуулснаар өдөрт 190 автомашинтай чингэлгийн олголтыг 3 талбайд зэрэг хийх боломж бүрдэх юм. 2022 оны 06 дугаар сарын 21-ний байдлаар Замын-Үүд өртөөнд 962 автомашинтай чингэлэг байгаа бөгөөд эдгээр чингэлгийг 5-7 хоногт олгож дуусахаар төлөвлөж байна. Иймд импортоор автомашин оруулж ирсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд УБТЗ-ын харьяа Замын-Үүд өртөөний Шилжүүлэн ачих анги болон Сайншанд өртөөн дэх “Зүүн говь ложистик” ХХК-нд хандан ачаагаа хүлээн авахыг мэдэгдье.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     50    0