Г.Алтаншагай: Орон нутгийн замд хурд хэмжсэнээр зам тээврийн осол буурна

Завхан: Тус аймагт “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт боллоо. Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх. Зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг улс даяар зохион байгуулж буй юм. Энэ аяны талаарх мэдээллийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Алтаншагайгаас асууж тодрууллаа. -Өдрийн мэнд хүргэе. “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт боллоо. Аян хүрээнд орон нутагт ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах бэ? -“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг улсын хэмжээнд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Улиастай хотод энэ аян нээлтийг хийгээд байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Болдбаатар, Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхишиг, Авто тээврийн төвийн дарга П.Ганзориг болон хамтран ажиллаж буй байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо. Энэ аяны хүрээнд Цагийн менежментээр улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг ажиллуулах. ”Уусан бол бүү жолоод” шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг явуулна. Тиймээс иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна. -Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой орон нутгийн замын ачаалал эрс нэмэгдсэн байх? -Сүүлийн жилүүдэд Монголчууд орон нутгийн аялал зугаалга их хийдэг болсон. Мөн энэ жил Завхан аймгийн зарим сумдын тэмдэглэлт ой болохтой холбоотойгоор Завхан аймгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Тиймээс хатуу хучилттай авто замд жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байхад анхаарч дөрвөн цэгт тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж, жолооч нарт анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, жолооч нараас хурд хэтрүүлэхгүй байх “Жолоочийн амлалт” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. -Ер нь аймгийн хэмжээнд зам тээврийн аюулгүй байдлыг хангахын тулд танайхаас жилд хэчнээн удаа төлөвлөгөөт арга хэмжээг явуулдаг вэ? -Энэ жил Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах зорилгоор Тээврийн цагдаагийн албаны даргын баталсан календарчилсан төлөвлөгөөний дагуу “Зөвийг хэвшүүлье” уриатай 10 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар байгаа. Энэ он гарсаар “Гэрлээр анхааруулъя”, “Гар утас”, “Хамгаалалтын малгай”, “Сургууль орчмын бүс” зэрэг арга хэмжээнүүдийг зохион явуулсан байгаа. Завхан аймаг ойролцоогоор 580 км орчим хатуу хучилттай авто замтай. Зургаан сумын нутгаар дамжин өнгөрдөг. Мөн аялал жуулчлалын Отгон, Эрдэнэхайрхан гээд аялагч ихээр зорин очдог газруудтай. Энэ жил цагдаагийн газраас байнгын гурван хяналтын цэг, хөдөлгөөнт таван чиглэлд эргүүл ажиллуулахаар төлөвлөж байна. -Завхан аймагт бүртгэгдсэн зам тээврийн зөрчил, ослын тоог өнгөрсөн жилтэй харьцуулбал? -Завхан аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 30 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Учир нь өнгөрсөн жил Covid-19 цар тахлаас шалтгаалаад хөл хорио тогтоосон тул зам тээврийн осол бага бүртгэгдсэн. Гэсэн хэдий ч зам тээврийн ослыг гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх ажлыг замын цагдаагийн тасгаас байнга авч хэрэгжүүлж байна. Манай жолооч нар болон, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр л хичээх нь чухал юм. -Замын цагдаа нар торгохоос илүүтэй жолооч нарт мэдээлэл өгөх нь чухал гэж иргэд ярьдаг? -Жолооч хүн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ мэдэж байж хөдөлгөөнд оролцох ёстой гэж би боддог. Ихэнх жолооч нар сануулаач гэж ярьдаг тэр жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бол торгуулийн арга хэмжээ тооцох үндэслэл болохгүй. Тиймээс л жолооч нар хариуцлагатай байх нь маш олон эрсдэлээс хамгаалж байдаг шүү дээ. -Орон нутгийн замд хурд хэмжигч ажиллуулах нь ямар давуу талтай байдаг вэ? -Манай аймгийн хувьд хатуу хучилттай авто зам сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон эвдрэл багатай учир жолооч нар хурд хэтрүүлэх хандлагатай байдаг. Хурд хэмжсэнээр зам тээврийн осол буурна гэж үзэж байгаа. Мөн жолооч нар ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол нэлээдгүй бүртгэгдэх болсон. Учир нь Улаанбаатар хотоос Завхан, Увс аймгийн чиглэлд ихэнхдээ өглөө эрт эсвэл орой гардаг, ингээд явсаар Завхан аймгийн нутагт орж ирэхэд өглөө эрт гарсан нь орой эсвэл шөнө, орой гарсан нь өглөөгүүр дамжин өнгөрдөг энэ цаг хугацаа нь хүний амрах цаг таардаг тийм болохоор жолооч нар нойрмоглох тохиолдол их байна. Иймд иргэд жолооч нартаа зөвлөхөд хурд хэтрүүлэхгүй, ядарсан нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг дахин анхааруулж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсжээ. Нийт ослын 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэн байна. Үүнээс орон нутагт мотоциклтой холбоотой 105 зам тээврийн ослын улмаас 40 хүн амь насаа алдаж, 63 хүн хүн хөнгөн хэлбэрээр гэмтсэн, хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд, хүн хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлттэй байна. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж явах нь чухал юм. Мөн орон нутаг руу зорчиж байгаа зарим иргэд маань тухайн зорчиж байгаа замаар байнга явдаггүй учраас автозамын эвдрэл гэмтэл, эргэлт тойруу, даваа гүвээ зэргийг мэдэхгүй. Тооцоолохгүйгээр хурд хэтрүүлэх, олон цагаар тасралтгүй жолоо барьснаас шалтгаалан ядарч, зүүрмэглэх, мөн батлагдсан зам маршрутаас гарч үер усны аюулд өртөх, төөрөх зэрэг шалтгаануудаас болж гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байна. Тийм учраас Замын цагдаагийн газраас болон хөдөлгөөнт эргүүлд ажиллаж буй алба хаагчид, орон нутгийн замд зорчиж буй иргэд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхэд анхаарах. Үзэгдэх орчин хангалтгүй үед гэрлээ шилжүүлэх. Батлагдсан гүүрэн байгууламж, зам, маршрутаас гарахгүй аялж зугаалахыг сануулж, зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах, жолооч зорчигч нар хамгаалах малгай, бүсийг тогтмол хэрэглэх. Зайлшгүй зогсолт хийсэн жолооч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартыг мөрдөж, хөдөлгөөндөө дэг журамтай, соёлтой оролцохыг нийт иргэд, жолооч нартаа уриалж, анхааруулж байна. “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны хүрээнд дээрх анхааруулга уриалгыг жолооч, иргэн бүрт сануулж, анхааруулах ажлыг хийнэ. Ер нь хурдалснаар биш эрүүл аюулгүй явсанаар таны жолооны ур чадвар хэмжигддэг юм шүү. -Танд баярлалаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     42    0